
Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр, О.Баасанхүү нар БХЯ, ЗХЖШ-т ажиллаж, Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлого, зорилтуудтай танилцан сонирхсон асуултууддаа хариулт авч, санал бодлоо солилцлоо.
Энэ уулзалтад Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын бусад удирдлага оролцов.
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдэд “Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд Батлан хамгаалах бодлогын талаар цөөнгүй зорилт, арга хэмжээг тусгаж баталгаажуулсан нь ирэх дөрвөн жилд бидний баримтлах үйл ажиллагааны гол чиглэл, стратеги байна. Юуны өмнө Батлан хамгаалах эрх зүйн тогтолцооны үндэс болсон “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг “Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлого” нэртэйгээр шинэчлэн боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болсон. Энэхүү баримт бичиг батлагдснаар батлан хамгаалах тогтолцоо, түүний удирдлага зохион байгуулалт, шинэчлэл, цэргийн хүчний байгуулалт, цэргийн хүчнийг хөгжүүлэх үндсэн чиглэл гээд олон чухал асуудлыг шинээр тодорхойлох нөхцөл бүрдэнэ. Мөн стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, байгалийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, улс орны бүтээн байгуулалтад цэргийн хүчнийг оролцуулах, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалал, баталгааг сайжруулах, залуусыг цэргийн алба хаах хугацаанд нь түүхээ мэддэг, эх орон, монгол хүн гэдгээрээ бахархдаг болгох зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүд улс орноо батлан хамгаалах онцгой үүрэгтэй Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг дэмжиж ажиллахаа илэрхийлээд Бүх цэргийн Их хар сүлдний өргөөг үзэж сонирхсон юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ