
ШШГЕГ-ын харьяа хорих 415 дугаар ангийн хүмүүжигч нар ГССЗК-т эмчлүүлж буй Буяндэлгэрийн Эрдэнэцэцэг охинд халуун сэтгэлийн тусламж үзүүллээ. 2012 оны есдүгээр сараас эхлэн тодорхой бус оношоор эмнэлэг дамжин явсаар биеийн байдал хүндэрч, өнөөдрийн байдлаар 150 хоног гаруй шаналж, хэд хэдэн удаагийн хагалгаанд орсон, улмаар эмчилгээ үргэлжлэхэд эдийн засгийн тусламж шаардлагатай байгаа талаар хэвлэл мэдээлллийн хэрэгсэлээр дамжуулж байгаа билээ.
Энэ талаар олж мэдсэн тус ангийн хүмүүжигч нар Б.Эрдэнэцэцэг охинд өөрсдийн зүгээс сэтгэлийн нэмэр хандив өгөх талаар санаачлага гаргасныг ангийн захиргаа, нийгмийн ажлын алба дэмжин зохион байгуулсанаар энэхүү санаачлага биелэлээ олж эзэндээ хүрлээ.
Хорих 415 дугаар ангийн хэмжээнд нийт 500 орчим хүмүүжигч ял эдэлж байгаагаас тодорхой хувь нь үнэлгээ бүхий цалинтай ажлын байраар хангагддаг аж. Ял эдлэгсэдийн зүгээс ажлын байраар хангагдахын тулд юуны түрүүнд мэргэжлийн чиг баримжаатай болох улмаар хөдөлмөрийн хөлснөөс гэм хорын хохирлыг барагдуулахад шилжүүлээд зогсохгүй ар гэртээ бодитой тусламж үзүүлэх боломжтой болоод байгаа юм.
Дээрхи арга хэмжээний хүрээнд хүмүүжигч нарын хөдөлмөрийн хөлснөөс нийт 570 мянган төгрөг цугларсаныг ангийн нийгмийн ажлын албаны төлөөлөл энэ сарын 1-нд ГСЗЗК-т хэвтэж буй Б.Эрдэнэцэцэг охин болон түүний ээжид хүргэж өгчээ. Энэхүү тусламжийн хамт хүмүүжигч ах нарын зүгээс хурдан эдгэх ерөөл тавьсан ил захидлыг бас гардуулж өгсөн байна.
Шүүхийн тогтоолоор нийгмээс тусгаарлагдан ял эдэлж буй боловч нийгмийн сайн сайхны төлөө аливаа ажилд хүнлэг ёсны үүднээс оролцож байгаагаа илэрхийлэх, цаашид бусад хувь хүн, байгууллагыг дэмжин оролцохыг уриалж байгаагаа тус ангийн хүмүүжигч нар мэдэгджээ.

П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ