Цууны хүчлийг хүнсэнд хэрэглэхийг хориглолоо
2013-02-04

Цууны хүчлийг Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад Засгийн газрын 2012 оны 145 дугаар тогтоолоор оруулсан аж. Тиймээс 25 хувиас дээш концентрацтай, 500 мл хүртэл хэмжээгээр жижиглэн савласан цууны хүчлийг хүнсний зориулалтаар ашиглах, худалдаахыг 2013 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоригложээ.   Тиймээс уг тогтоолын хүрээнд Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаал батлагдсаныг “Химийн аюулгүй байдал, хордлогын менежментийг зохицуулах зөвлөл”-ийн дарга, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхийн хүн амын дундах зонхилон тохиолдох өвчний жагсаалтын гуравдугаарт хордлого, осол гэмтэл багтаж байгаа. Монгол улсад химийн бодисын зүй бус хэрэглээтэй холбоотой хурц болон архаг хордлогын тохиолдол сүүлийн жилүүдэд ихэсч, нас баралтын шалтгааны тавдугаарт бичигдэж байна. Эдгээрийн дотроос хамгийн түгээмэл тохиолдол нь хүнсний зориулалтаар худалдаалагдаж буй 50-80 хувийн цууны хүчлийг санамсаргүй болон амиа хорлох сэдэлтэйгээр ууснаас үүссэн хордлого юм. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд 2003-2011 онуудад нийт 4436 хордлого бүртгэгдсэний 534 тохиолдлын шалтгаан нь цууны хүчил байсан. Цууны хүчлийн хордлогын улмаас жилдээ 50-60 гаруй хүн хордож, 3-9 хүн нас барж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн 10 жилийн байдлаар нийт 479 хүүхэд цууны хүчлийн хордлогын улмаас хүргэгдсэн. Тиймээс 25 хувиас дээш концентрацтай, 500 мл хүртэл хэмжээгээр жижиглэн савласан цууны хүчлийг хүнсний зориулалтаар ашиглах, худалдаахыг 2013 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хориглосон” гэлээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Mash zuv shiidver. Yalanguya oros tsuu bol jinhene hor..
2013-02-04