
Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хууль зүйн сайдын тушаалаар энэ сарын 1-нээс хэрэгжиж буй "Ял шийтгэгдсэн эсэх" тодорхойлолтыг иргэдэд өгөхийг болиулсан гэж мэдэгдсэн юм. Гэвч иргэд ажилд орохдоо болон гадаадад явах бичиг баримт бүрдүүлэхдээ энэ лавлагааг авахаар Цагдаагийн байгууллагад хандсаар байгаа гэнэ. Харин дор нэр дурьдсан 20 байгууллагад л ял шийтгэгдсэн эсэх тодорхойлолтыг Цагдаагийн байгууллагаас олгох бөгөөд ингэхдээ иргэнд биш тухайн байгууллагын хүсэлтээр олгох юм байна. Эдгээр байгууллагад иргэнтэй холбоотой тодорхойлолт хэрэгтэй бол тухайн иргэний ургийн овог, нэр, хүйс, регистрийн дугаарыг тодорхой бичээд албан бичгээр хүсэлтээ тавих ёстой гэнэ. Бичгээр ирсэн хүсэлтийн хариуг Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвөөс тухайн албан газарт эргээд бичгээр хариуг явуулж байхаар болсон байна.
Ял шийтгэгдсэн эсэхийг тодорхойлолтоор авах эрх бүхий байгууллагыг дурьдвал
1.Шүүхийн байгууллага
2.Прокурорын байгууллага
3.Монгол Улсын Төрийн албан тухай хуулийн 5.1.2, 5.1.3 дэх хэсэг, 7,8 дугаар зүйлд заасан албан тушаалд томилох төрийн байгууллагууд
4.Сонгуулийн Ерөнхий хороо болон нэр дэвшигч
5. Монгол банк, банк үүсгэн байгуулагч
6. Авлигатай тэмцэх газар
7. Санхүүгийн зохицуулах хороо, Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх иргэн
8. Шат шатны Засаг дарга нар
9. Иргэний бүртгэлийн байгууллага
10. Нийгмийн даатгалын байгууллага
11. Цагдаагийн байгууллага
12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага
13. Татварын байгууллага
14. Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
15. Шүүхийн шинжилгээний байгууллага
16. Дүүргийн цэргийн хэлтэс
17. Монголын өмгөөлөгчдийн холбоо
18. Орон сууц хувьчлах товчоо
19. Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага
20. Гэрээт болон хувийн хамгаалалтын байгууллага тус тус орсон байна. Бусад тохиолдолд буюу гадаадын улс орноос виза хүсэх, ажилд ороа зэрэгт иргэд Цагдаагийн тодорхойлолт гаргуулах шаардлагагүй болсон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ