
Эрүүл мэндийн даатгалын мөнгийг төр төсвийн мөнгө мэтээр дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэн, огт өөр зориулалтын бус зүйлд зарцуулсаар ирсэн гаж тогтолцоог өөрчлөх шаардлагатай болжээ. Үе үеийн нийгмийн хамгааллын салбарын сайдуудын саалийн үнээ нь даатгалын байгууллага бөгөөд тэр дундаа даатгалын хуримтлалын дийлэнхийг бүрдүүлдэг эрүүл мэндийн даатгалыг салбарын яаманд нь шилжүүлэх сонирхолгүй явж ирсэн бөгөөд харин иргэдээс хуримтлуулсан эдгээр даатгалын орлого чухам юунд зарцуулдаг нь хяналтаас гарсан гэж хэлж болно. Харин улстөрчдийн арааны шүлсийг асгаруулсаар ирсэн нь нууц биш. 2012 онд эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг дараах байдлаар тогтоосон байна.
-Аж ауйн нэгж, байгууллагын ажилтны шимтгэл нь ажил олгогч, даатгуулагч тус бүр сарын цалин, хөлсний хоёр хувьтай тэнцэх хэмжээтэй
-Шимтгэлийг нь төр хариуцах иргэд сард 670 төгрөг жилд 8040 төгрөг
-Малчин, хөдөлмөр эрхэлдэгггүй иргэд сард 670 төгрөг жилд 8040 төгрөг
-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид сар бүр орлогынхоо нэг хувь
-2012 оны байдлаар төр шимтгэлийг нь хариуцдаг /өндөр настан, эх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд/ иргэдийн шимтгэлийн сарын хэмжээ /670 төг/ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0,5 хувьтай тэнцжээ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нь ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлого, төр шимтгэлийг нь хариуцах иргэдийн шимтгэлийн орлого, малчин, ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэн, бусад даатгуулагчийн өөрөө төлсөн шимтгэлийн орлого, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги, хүүгийн орлого зэргийг багтаасан бусад орлогоос бүрддэг. Гэтэл 2012 онд ажил олгогч, даатгуулагчид нь нийт даатгуулагчдын 25,7 хувийг эзэлж, нийт орлогын 80,5 хувийг эзэлдэг байна. Эмзэг бүлгийн иргэд нийт даатгуулагчдын 60 хувийг эзэлж, эдгээр хүмүүсийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс татаас байдлаар шууд олгодог. Гэтэл төр хамгийн бага орлогыг төвлөрүүлдэг хирнээ эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг төсвийн мөнгө шиг хэрэглэж байна. Жишээ нь Эрүүл мэндийн сайд өөрийн багцад байгаа Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг улсын төсвийн санхүүжилтийн зарчмаар төсвийн мөнгө адил зарцуулах бодлогыг Засгийн газраас тулгадаг ажээ.
Даатгуулагчдын мөнгийг Засгийн газар ингэж хэрэглэж байгаа нь даатгалын мөнгийг илүү оновчтой хэлбэрээр хүртээх бүх боломжийг хааж, үүнээс үүдэн ард иргэд эрүүл мэндийн тусламж авахдаа санхүүгийн эрсдэлд ордог, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл бусад өндөр өртөгтэй техник технологийг хэрэглэх боломж байдаггүй, бүх бурууг даатгалын тогтолцоо руу чихэж, чулуу хөөлгөж байна. Гэтэл энэ бүхний буруутан нь уг нь энэ тогтолцоог ийм байдлаар байлгах сонирхолтой төр засаг, түүний толгойд байгаа эрхэм гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан шүүмжилж байна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ