
Өнгөрсөн мягмар гаригт Каир хотын нэг сүмээр орсон Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад руу нэг үл таних этгээд гутал шидэх гэжээ.
Тэр Ахмадинежад руу гутал шидэхээр түүний хамгаалагчдийг хэрхэн түлхэн ёворч байгаа нь дүрс бичлэгээс харагдаж байна. Ингэж гутал шидэх нь лалын шашинт орнуудад тухайн хүнд туйлын хүндэтгэлгүй хандаж байдгийг харуулдаг аж.
Хамгаалалтынхан хэв журам зөрчигчийг түргэн зуур зайлуулж, ерөнхийлөгч машиндаа суугаад цааш явжээ. Гутал шидэх гэж бүтэлгүй оролдсон этгээдэд ямар шийтгэл ногдуулахыг мэдээлэхгүй байна.
Лалын ертөнцөд энэ шашны шиитийн урсгалын томоохон улс болох Ираны ерөнхийлөгч Лалын хамтын ажиллагааны байгууллагын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын хүрээнд Египетэд зочилсон юм. Ираны ерөнхийлөгч хоёр орны хооронд дипломат харилцаа тасласнаас хойш сүүлийн 33 жилд Египетэд анх удаа айлчилсан нь энэ юм.
Нэрт улстөрчид рүү гутал шидэх нь өөрийн бодлыг илэрхийлэх өвөрмөц арга болоод байгаа билээ. 2008 оны арванхоёрдугаар сард Багдад хотод АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш рүү гутал шидэж, гурван жилийн ял сонссон Иракийн сэтгүүлч Мунтазер аз-Зейди ийм байдлаар нэрд гарахыг хүсэгчдийн анхны жишээ болсон юм. Сүүлд нь Суданы ерөнхийлөгч Омар аль-Башир, Хятадын ерөнхий сайд Вэнь Зябао, Туркийн ерөнхий сайд Тайит Эрдоган, Дэлхийн валютын сангийн тэргүүн асан Доминик Стросс-Канн нар гутлын “бай” болж байсан юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ