Цахилгааны үнэ нэмэх шийдвэр гараагүй гэв

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2013 оны гуравдугаар сарын 01-нээс эхлэн цахилгаан, дулааны үнийг 15-20 хувиар нэмэх тухай яригдаж байгаа. Энэ талаар ЭХЗХ-ны Эрхзүй, захиргааны албаны дарга Р.Ган-Эрдэнээс тодрууллаа.
-Ирэх сарын 01-нээс цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх тухай яриад байгаа. Хэдэн хувиар нэмэх вэ? -Энэ тухай тодорхой шийдвэр гараагүй байна. Одоогоор судалгааны ажил хийгдээд явж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэмэхээр боллоо гэсэн мэдээллүүд яваад байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. -Ямар байдлаар судалгаа хийж байгаа вэ. Нэмэхгүй байх боломж бий юү? -Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр эрчим хүчний үнэ нэмэх бодитой үндэслэл байгаа эсэхэд өөрийн биеэр явж танилцаж байгаа. Цахилгаан станцууд болон томоохон аж ахуй нэгжүүдээр явж байна. Мөн манай хорооноос эрчим хүчний компаниудын алдагдлыг бууруулахад үнэ тариф нэмэхээс өөр гарц байна уу, үгүй юү, үнийн өсөлтийг айл өрхөд хүндрэл багатай байлгах боломж хэр байгааг судалж байна. -Цахилгаан, дулааны үнэ нэмэх эсэхийг хэзээ иргэдэд мэдээлэх бол? -Бид эхний ээлжинд судалгаа хийж байгаа. Судалгаандаа үндэслээд нэмэх эсэхийг хурлаараа шийдвэрлэнэ. Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу шийдвэрээ 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ. Б.Нямзул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ