С.Ганбаатар Уул уурхайн сайдад захидал илгээлээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Уул уурхайн сайд Д.Ганхуягт ил захидал хүргүүлжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэе.
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН САЙД Д.ГАНХУЯГ ТАНАА
Танд энэ өдрийн мэндийг хүргье.
Засгийн газрын зүгээс улс орны эрх ашгийн үүднээс “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ”-г эргэн харж, засан сайжруулахаар эрчимтэй ярьж буй энэ цаг хугацаанд Монгол Улсын засгийн газар болон Ард түмнийг төлөөлөн 2013.2.6-ны өдөр болох “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцох гэж байгаа тань холбогдуулан эрдэмтэн судлаачдын саналыг авсны үндсэн дээр “Оюу Толгой” ХХК-иас дараах асуудлуудыг тодруулж, баталгаажуулан олон нийтэд мэдээлж өгөхийг хүсч байна.
Нэг. Оюу толгойн хөрөнгө оруулалтанд зарцуулсан бонд, урьдчилгаа төлбөр, урьдчилгааны өр зэрэг өр төлбөрийн дүнг “Оюу толгой” ХХК-иас нарийвчлан гаргуулж өгнө үү.
1. 2009.10.20-ны өдөр Туркойз Хилл компанийн худалдан авсан Монгол Улсын засгийн газрын 100 сая ам.долларын бондын төлбөр хүүгийн хамт 115 сая ам.долларыг 2014.10.20-ны өдөр төлөх хугацаатай байна. Энэхүү бондын төлбөрийн бололцоо, нөхцөлийг тодруулж бататгах. Туркойз Хилл компаний санхүүгийн тайланд 2012.9.30-ны байдлаар 105,4 сая ам.долларын авлага бичигдсэн байгааг;
2. Монгол Улсын засгийн газар “Оюу толгой” ХХК-иас төлөх татварын урьдчилгаа төлбөрт 2010.4.7-ны өдөр 50 сая ам.доллар, 2011.6.7-ны өдөр 100 сая ам.доллар тус тус хүлээн авсан бөгөөд 2012.9.30-ны өдрийн байдлаар Туркойз Хилл компаний санхүүгийн тайланд 153,3 сая долларын авлага бичигдсэн байгааг;
3. Оюутолгой ХХК-ийн 2012.9.30-ны өдрийн санхүүгийн тайлангаар компаний хувьцааны 34%-д ноогдох 393,454,970,000 төгрөгийг төрийн өмчид бичсэн бөгөөд Туркойз Хилл компаний 2012.9.30-ний өдрийн санхүүгийн тайланд “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн өр хүүгийн хамт 259,6 сая ам.доллараар тусгасан байгааг.
Хоёр. Туркойз Хилл компанийн 2012 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлангаас харахад “Оюу толгой” төслийн санхүүжилтын эх үүсвэрийг тусгахдаа түр хугацааны зээл 1,5 тэрбум ам.доллар, үйл ажиллагааны санхүүжилтын зээл 1,8 тэрбум ам.доллар, хувьцаа гаргасны 1,7 тэрбум ам.доллар зэргээр санхүүгийн төрөл бүрийн механизмыг ашиглан нийт 5.6 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн гэж тусгажээ. Иймд Туркойз Хилл компанийн “Оюу толгой” ХХК-нд оруулсан бүх санхүүжилтын нэгтгэсэн жагсаалтыг “Оюу толгой” ХХК-иас гаргуулан авч олон нийтэд ил болгоно уу.
Гурав. “Оюу толгой” ХХК-ийн балансад “Эзэмшигчдийн өмчийн бусад хэсэг”-т тусгагдсан 1,169,902,909,767 төгрөгийн үнэ бүхий өмч хөрөнгөд ямар ямар эд хөрөнгө орж байгааг “Оюу толгой” ХХК-иас жагсаалтаар гаргуулан авч олон нийтэд ил болгоно уу.
Дөрөв. “Оюу толгой” ХХК-ийн 2012 оны 3-р улирлын тайлангийн бусад өглөг гэсэн хэсэгт 6,3 их наяд төгрөг тусгасан бөгөөд энэхүү зээлийг олборлолт эхлэнгүүт баялгийн борлуулалтаас төлөхөөр Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан байгаа. Энэхүү дүнг төслийн анхны хөрөнгө оруулалт гэсэн буруу ойлголтыг нийтэд төрүүлж байна. Үнэн хэрэгтээ дээрх хөрөнгө оруулалт нь төслийн үйл ажиллагааны зардал, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулж буй хөрөнгө юм. Харин Монгол Улсын зүгээс ашигт малтмалын нөөцөөрөө хөрөнгө оруулалт хийж байгааг огт хөрөнгө оруулалт гэж тооцохгүй байгааг “Оюу толгой” ХХК-нд тодотгон ойлгуулж, цаашид ордын нөөцийг хэрхэн үнэлэх талаар санал солилцоно уу.
Танд амжилт хүсье. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
С.ГАНБААТАР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ