Анатолий Сердюковын хэрэг шуугиан дэгдээж байна

img

Хар тэнгисийн эрэг дэх газрыг худалдах тухай захирамжид хуучин батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков гарын үсэг зурсан байжээ. Энэ газрыг худалдсан нь прокурорын байгууллагын анхаарлыг татсан юм. Учрыг мэдэх хүний хэлснийг иш татан Интерфакс агентлаг лхагва гаригт ингэж  мэдээлжээ. Цэргийн ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, БХЯ энэ газрыг хотын эрх баригчдаас үнэгүй авсан байна. Гэвч  таван сарын дараа зах зээлийн үнээс 56 сая рублиэр доогуур үнээр нэг арилжааны компанид уг газрыг худалджээ.  Прокурорууд  эрүүгийн хэрэг үүсгэхээр хэргийн материалыг мөрдөн байцаагч нарт шилжүүлсэн байна. Энэ газрыг худалдсан талаар тодорхой албан тушаалтнуудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж болох юм гэж учрыг мэдэх хүн хэлжээ. Энэ нь “Большой Утриш” гэдэг амралтын баазын дэвсгэр дэх газар юм гэж “Известия” сонины сайтад  дурдсан байна. Сонинд бичсэнээр, радиолокацын станц барихаар энэ газрыг БХЯ-нд шилжүүлэхийг 2009 онд Сердюков  Анапа хотын захиргаанаас өөрийн биеэр хүсчээ. Хар тэнгисийн эргийн энэ газрыг худалдсан нь “Оборонсервис” холдингийн үл хөдлөх хөрөнгийн луйврын тухай хэрэгтэй холбоотой эсэхийг цэргийн прокурорын газар тодруулаагүй байна. Энэ хэргийн талаар Сердюков гэрчээр байцаагдаж байгаа юм. Цэргийн байгууллагын харъяа “Оборонсервис” холдингийн эргэн тойронд 2012 оны намар дуулиант хэрэг мандсан билээ. Мөрдөн байцаагчдын хэлж байгаагаар,  тус холдингийн ажилтнууд  болон яамны холбогдох хүмүүс улсын үл хөдлөх хөрөнгийг сул үнээр худалдаж байжээ. Ингэснээр олон тэрбум рублийн хохирол учруулсан байна. Энэ дуулиант хэрэгтэй холбогдон Сердюков албан тушаалаасаа буусан юм. БХЯ-ны эд хөрөнгийн харилцааны газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Сердюковын ойрын хүнд тооцогддог Евгения Васильеваг уг хэргийн хүрээнд яллагдагчаар татсан юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ