Лалынхны зургаан бригад Дамаск руу давшиж эхэлээ

img

Дамаск  хотыг засгийн газрын цэргээс чөлөөлөх зорилгоор Сирийн босогчид өргөн цар хүрээтэй давшилт явуулж эхэлсэн тухай хоёрдугаар сарын 6-нд зарлажээ. Тэд нийгмийн сүлжээгээр  дамжуулан зохих мэдэгдэл тараасан байна. Энэ баримт  бичгээс үзвэл,  давшилтад  сөрөг хүчний хамгийн сахилга баттай, байлдах чадвар сайтай “Аль-Нусрын фронт”-ын радикал үзэлт лалынхны зургаан бригад оролцож  байгаа ажээ. Нийслэлээс урагш болон зүүн тийш хамгийн ширүүн байлдаан болж байна. Дамаск хотын тойрог замын урд хэсгийг хяналтдаа авснаа босогчид мэдээлж байна.  Засгийн газрын цэрэг тэндээс төв рүү ухарч, энд дахин бүлэглэж  байгаа ажээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, үүний зэрэгцээ хотод  хамгаалалтын олон байр болон засгийн газрын байруудыг дайрчээ. Давшилт хийж байгаа босогчдод туслахыг уриалсан уриа сүннитийн сүмийн цамхгуудаас сонсогдож байна. Засгийн газрын цэрэг босогчдын давшилтыг танк, их бууны галаар зогсоохыг оролдож  байгаа ажээ. Байлдааны нисдэг тэргүүд өдөржингөө хотын дээгүүр эргэлдэж, сөрөг хүчнийхнийг пуужингаар харваж, бөмбөгдөж байна. Энэ үеэр Сирийн эрх баригчид сөрөг хүчинтэй хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Али Акбар Салехи лхагва гаригт мэдэгдэв. Тэр хоёрдугаар сарын 3-нд  Мюнхен хотод Сирийн сөрөг, хувьсгалт хүчний үндэсний эвслийн удирдагч Ахмед Муаз аль-Хатыбтай уулзжээ.  Сирийн цөөхөн холбоотны нэг болох Иран улс мөргөлдөөнд оролцогч бүх талтай яриа хэлцээ хийж байна гэж Салехи мэдэгджээ. Аль-Хатыб Сирийн эрх баригчдын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байгаагаа нэгдүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Сири дэх 160 мянган хоригдлыг суллах нь хэлэлцээ хийж эхлэх болзол юм гэж тэр хэлсэн байна. Хэрвээ хоёрдугаар сарын 10-наас наана шоронд хоригдож буй бүх эмэгтэйг суллахгүй бол, Сирийн эрх баригчид яриа хэлцээ хийх боломжоо алдана гэж тэр сүүлд нь мэдэгдсэн юм. Сирид эрх баригчид болон зэвсэгт сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн 2011 оны гуравдугаар  сараас хойш намжихгүй байгаа юм. НҮБ-ын тоо баримтаас үзвэл, энэ хугацаанд 60 мянга орчим хүн амь үрэгджээ.

Фото нийтлэл: Дамаскийн гудамжин дахь иргэний дайны бодит зургууд

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bosogchid -iig but tsohiod uguusei.Al Assad yalakh baikh aa.
2013-02-07