Гуравдугаар Ричардын булшийг автомашины зогсоолоос олжээ

img

Эрдэмтэд  Сарнайн дайны үед алагдсан английн ван гуравдугаар Ричардын булшийг олжээ. Лестерийн их сургуулийн тэргүүлэх археологч  Ричард Бакли хэвлэлийн хурал дээр ингэж хэлсэн байна. Гуравдугаар Ричардынх байж болох шарилыг  бүр өнгөрсөн аравдугаар сард Лестерийн автомашины зогсоолоос олжээ. Гэвч мэргэжилтнүүд энэ нь түүний шарил болохыг сая л нотлож чадсан байна.  Вангийн гэр бүлийн дээдсийн бусад хүнтэй генетикийн хувьд адил болохыг яснаас нь авсан ДНК-гийн дээж харуулжээ. “Энэ бол Ричард хэмээн бараг бүрэн итгэлтэй хэлж болно” гэж Бакли мэдэгдсэн байна. Вангийн шарилыг Лестерийн сүмд шилжүүлэн оршуулах ажээ. Археологчид вангийн оршуулсан газрыг олон зууны туршид олж чадаагүй юм. Шарилыг эрж олоход цацрагийн нүүрстөрөгчийн шинжилгээ тэдэнд туслажээ.  Эрдэмтэд шарилыг шинжилэхдээ, араг яснаас барагцаалвал арван шарх олсны найм нь гавлын ясанд байсныг хэвлэлд дурдсан байна. Британийн эрдэмтэд ясыг судласнаар вангийн нүүрний төрхийг сэргээж чаджээ.  Шекспирийн зохиол бүтээлдээ бичиж байсанчилан, тэр царай муутай дарангуйлагчтай огт адилгүй болж таарчээ.  Гуравдугаар Ричард  аятайхан царайтай, бага зэргийн монхор хамар, унжуудуу эрүүтэй  хүн байжээ. “Тэр маш сайхан хүн байж” гэж эрдэмтдийн нэг ярьсан байна. Гуравдугаар Ричард Улаан болон Цагаан сарнайн дайны сүүлчийн томхон тулалдаан болох Босвортын дэргэдэх тулаанд 1485 онд алагджээ.  Тэгэхэд тэр 32 настай байсан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ