Мексикт болсон хүчингийн хэрэг жуулчдын тоог багасгаж болзошгүй

img

Мексикийн өмнөд нутгийн Акапулько хотын захаар аялж явсан испанийн зургаан эмэгтэй жуулчинг зэвсэглэсэн бүлэг этгээдүүд хүчирхийлсэн хэрэг гарсан. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд 20-34 насныхан байсан бөгөөд хотоос зайдуу түрээсийн байшинд байхад нь гэмт этгээдүүд дайран хүчирхийлсэн байна. Хэрэг гарсан Акапулько хот Номхон далайн эрэгт орших уулархаг Герреро мужийн харьцангуй аюул багатай тайван хотын нэгд тооцогддог. Гэхдээ сүүлийн жилүүдэд тус хотод хар тамхитай холбоотой гэмт бүлэглэлүүд мэр сэр үзэгдэж, гэмт халдлага гарах нь ихэссэн байна. Цагдаагийнхан хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэсэн таван эрэгтэйг баривчлан саатуулаад байгаа. Сэжигтэн этгээдүүд одоогоор ямар нэг байдлаар хэрэг хүлээгээгүй, мөрдөн байцаалт үргэлжилсээр байна. Энэ жигшүүрт хэрэг гарсантай холбоотойгоор Мексикийг зорих жуулчдын тоо буурах хандлага гарч болзошгүй. Акапулько хот Мексикт ирсэн жуулчдын очих дуртай газруудын нэг юм. Байгалийн содон тогтоц, уулын  бүсийн сонирхолтой экстрим аялал хийгчид энэ л  газрыг зорьдог. Акапулько хот 1940-1950-иад оноос олон улсын аялал жуулчлалын салбарт дээгүүрт тооцогдож аялахад нэн тохиромжтой газруудад нэрлэгдэж иржээ. Яг одоо Мексикт аялал хийхэд хамгийн  тохиромжтой цаг үе бөгөөд энэ үед гарсан хэрэг нь жуулчны улирал тохиож буй үед сөргөөр нөлөөлнө хэмээн үзжээ. Өнгөрсөн жилд гэхэд энэ бүс нутагт 17 сая жуулчин  ирсэн байна. Тэдгээрийн 50 мянга орчим нь испанийн жуулчид байдаг гэнэ. Үүнээс өмнө 2009 онд Акапулько мужийн ойролцоо зочид буудалд 18 жуулчинг буудан хөнөөсөн хэрэг гарч байсан юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ