
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоол гаргаж, Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилгоор “Үлэг гүрвэлийн төв музей” байгуулахаар болсон. Энэхүү музейд манай улсаас хууль бусаар алдагдсан палеонтологийн их хэмжээний олдворууд болох АНУ-аас удахгүй эх орондоо ирэх гэж байгаа хоёр Тарбозавр батаар, хоёр Завролоф, хоёр Овирапторын араг яс, байгалийн түүхийн музейд байгаа палеонтологийн үзмэрүүдийг байршуулахаар болсон. Харин Засгийн Газрын 11 дүгээр тогтоолоор соёлын үнэт өв болох аварга үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад музейн зориулалтаар баригдсан объект болох хуучнаар В.И.Лениний музейд байршуулах, уг барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Тиймээс ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл МАН-ын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр албан бичиг илгээлээ. Энэхүү албан бичигт уг барилгыг суллан хүлээлгэж өгөх, В.И.Лениний музейд хадгалагдаж байсан улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн соёлын өвийн зүйлсийг хамтран тоолох, хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангахын зэрэгцээ хойч үедээ зориулсан Үлэг гүрвэлийн төв музейн ажлыг эхлүүлэх түүхэн үйл явцыг чин сэтгэлээсээ дэмжиж хамтран ажиллахыг хүссэн байна.
Энэхүү ажлын хүрээнд 1967-1980 онд улсын төсвөөс шууд санхүүжүүлж, тухайн үеийн Соёлын яамны захиалгаар баригдсан тус барилгыг чөлөөлж, төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн В.И.Лениний музейн үзүүллэг, сан хөмрөгт хадгалагдаж байсан үзмэр, эд өлгийн зүйлсийг 2013 оны хоёрдугаар сард багтаан тоо ёсоор хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж өгнө үү хэмээн хандаад байгаа аж.
ССАЖЯ-наас уг хүлээлцэх ажиллагааг хэрэгжүүлэхээр ийнхүү холбогдох албаны хүмүүст нь албан ёсоор хандаж байгаа нь энэ юм байна.
ССАЖ-ЫН сайд Ц.Оюунгэрэлийн МАН-ын дарга Ө.Энхтүвшинд илгээсэн албан бичгийг үзэхийг хүсвэл
ЭНД ДАРЖ үзнэ үү.
http://www.mcst.gov.mn/uploads/files/Uleg%20gurvel%201.pdf
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ