
Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 5-ны өдөр ОХУ-ын талаас Монгол Улсын тал руу 100 орчим тооны бог мал бэлчээрээр хил давсан байна. Хил давсан малаа авах зорилгоор ОХУ-ын талаас Тува улсын Өвөр хошууны Торгалык тосгоны харъяат Тульюш Блак Кара-Оолович хэмээх иргэн хил зөрчжээ. Хил зөрчигчийг саатуулахаар хилчид хоёр цаг гаруй хөөцөлдсөний эцэст барьсан байна. Ийнхүү хил давсан малаа авах зорилгоор Монгол Улсын хилийг зөрчсөн Тува улсын иргэн Тульюш Блак Кара-Ооловичийг ОХУ-ын талд Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар мэдэгдэж, буцаан гаргажээ.
Мөн Хилийн 0285 дугаар ангийн хариуцсан хэсгээр өчигдөр улсын хилээс 50 орчим метр газарт үл таних хүүхэд явж байсныг хилчид илрүүлсэн байна. ОХУ-ын Тува улсын Мөнгөн тайга хошууны Кызыл-Каяа тосгоны уг хүүхэд мөн хил давсан малаа авах зорилгоор явж байжээ. Түүний хариулж явсан 95 сарлаг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр нутгийн гүнд 75 метрт бэлчиж байсныг илрүүлсэн байна. Дээрх хилийн дэглэмийн зөрчлийн талаар ОХУ-ын талтай ХБЭТ-ийн туслахын хэмжээний уулзалт хийж, Монгол Улс, ОХУ-ын хоорондын хилийн дэглэмийн гэрээний дагуу нотломжоор Оросын талд хүлээлгэн өгчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ