Сочи-2014 өвлийн олимпийн XXII наадам эхлэхэд 1 жил үлдлээ
(До начала зимних Олимпийских игр «Сочи-2014» остался 1 год)
2014 оны хоёрдугаар сарын 7-нд ОХУ-ын Сочи хотноо Хүн төрөлхтний их цэнгэл баяр-Өвлийн олимпийн XXII наадам эхлэх билээ. Тус улс анх 1980 онд Зуны олимпийн мөн XXII наадмыг нийслэл Москва хотдоо зохион явуулж байсан нь сонирхолтой баримт билээ.
Өвлийн олимпийн түүхэн мөч эхлэхэд яг нэг жилийн хугацаа үлдээд байгааг тэмдэглэсэн ёслолын арга хэмжээ өнөөдөр (2013 оны хоёрдугаар сарын 7-нд) ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо. Ёслолыг ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд В.В.Самойленко нээж цагаан олимпийн наадмын бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл хийв. Дараа нь “Сочи-2014” олимпийн албан ёсны сүлд дууг сонсож, олимпийн зүтгэлтнүүд, олимпийн наадамд бэлтгэж буй Монголын шигшээ багийн тамирчдын танилцуулга, урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.
Ёслолын арга хэмжээнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Соёл спорт аялал жуулчлалын яамны дэд сайд Д.Түмэнжаргал, Сүхбаатар дүүргийн олимпийн зөвлөлийн хамт олон, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олон “Сочи-2014” олимпийн наадам эхлэх хүртэлх хугацаанд МҮОХ болон Сүхбаатар дүүргийн олимпийн зөвлөлтэй хамтран гар зураг, фото зургийн уралдаан, спортын хөгжөөнт тэмцээн зэрэг арга хэмжээг явуулахаар төлөвлөөд байгаа ажээ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ