
Спортын загасчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд Монголын Загасчлалын Спортын Холбооны (МЗСХ) хүчин чармайлт ихээхэн байгаагийн нэгэн тод илрэл нь хоёрдугаар сарын 10-17-нд АНУ-ын Висконсин мужийн Восо хотод зохион байгуулагдах Мөсний загасчлалын ДАШТ-д Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцох гэж байгаа явдал юм.
Энэхүү тэмцээнд оролцсоноор Монгол загасчдын ур чадвар, авъяас билгийг нээн харуулж, мөн дэлхийн загасчидтай танилцаж туршлагаас нь суралцахаас гадна МЗСХ Олон Улсын Спортын Загасчлалын Холбоонд элсэхэд том түлхэц болно. Эх орноо төлөөлөн ДАШТ-д анх удаа оролцохоор АНУ-ыг зорих гэж буй Монголын баг тамирчдадаа амжилт хүсэн тэдний дээлийн захыг мушгин сууя.
Багийн бүрэлдэхүүнд тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч А.Мөнгөнхуяг, багийн ахлагчаар Д.Тэмүүжин, менежер тамирчнаар М.Батбаяр, тамирчнаар Б.Оюунболд, П.Амарбаясгалан, М.Энхтөр нар явах ажээ.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ