
Манай оронд сар шинийн баяр болж буйтай давхцаад Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл Швейцарийн Лозанн хотноо хуралдаж байна. Уг хурлаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэхийн дотор 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрөөс нэг спортын төрлийг хасах нь хамгийн чухал зүйл байгаа юм. Хасагдах хамгийн их магадлал бүхийн спортоор орчин үеийн таван төрөлт, тэквондогийн спорт нэрлэгдэж, дугуй, чөлөөт бөх, бадминтон, ширээний теннис мөн яригдаад амжжээ. Гэвч эцсийн дүндээ чөлөөт, сонгомол, эмэгтэй чөлөөт зэрэг бөхийн төрлүүдийг хасахаар шийдвэрлэлээ. Орчин үеийн таван төрөлтийн спорт нь 1912 оны олимпийн наадмаас эхлэн хөтөлбөрт орж эхэлсэн бөгөөд орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертин энэ спортоор хичээллэдэг байсан гэдэг шалтгаанаар үргэлж хасагдалгүй үлдэж байсан юм. Жинхэнэ эр хүний тэвчээр хатуужлыг шалгадаг энэхүү спортын төрөлд туялзуур сэлэм, морь, гүйлт, буудлага, усанд сэлэлт ордог. 2000 оноос олимпийн хөтөлбөрт орсон Солонгосын үндэсний спорт тэквондо мөн шүүлтийн асуудал, үзэгчдийн тоо зэргээрээ мөн асуудалд ороод байгаа гэнэ. Уг хасагдсан нэг спортын оронд хөтөлбөрт орох спортыг тавдугаар сард Санкт Петербургт болох хурлаар шийдэх юм.
Мөн хурлаар тамирчдын сахилгатай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэх гэнэ. Дугуйн спортод нүүрлээд буй сэргээштэй холбоотой асуудал, Лэнс Армстронгийн 2000 оны олимпийн наадмын хүрэл медалийг хураах эцсийн шийдвэрийг энэ хурлаас гаргана. Мөн Лондоны олимпийн наадмын хүрэл медалийн төлөө тоглолтын үеэр БНСУ-ны хөлбөмбөгчин Пак Жон Вүгийн гаргасан зүй бус авирыг авч хэлэлцэж (тэрбээр БНСУ, Японы газар нутгийн маргаантай холбоотой улс төрийн самбарыг тоглолтын үеэр өргөсөн) шийтгэл оногдуулна.
Х.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ