
Зимбабве улсын Боловсролын сайд өөрийн улсынхаа ерөнхий боловсролын чанар, тоонд үнэхээр сэтгэл зовинох хэмжээнд хүрээд байгаа тухай дурджээ. Учир нь тус улсын ерөнхий шалгалт өгсөн хүүхдүүдийн 82 хувь нь шалгалтдаа бүдэрсэн аж. Энэ шалгалт ердөө ч хүнд шатных байгаагүй, заасан хичээлийн дагуу энгийн төвшний шалгалт авсан ч тун муу үзүүлэлт гарчээ.
Гэхдээ энэ нь 2009 онтой харьцуулахад бага ч болов өссөн үзүүлэлт гарсан хэмээн тус улсын Боловсролын сайд Девид Колтард ВВС агентлагт ярьжээ. Боловсролын энэхүү дорой байдал нь тус улсын эдийн засаг, нийгмийн эмх замбараагүй байдалтай ч холбоотой хэмээн үзэж байгаа юм.
Уг нь Зимбабве улс Африкийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн сайн боловсролын системийг ашигладаг юм байна. Гэсэн хэдий ч тус улс дэлхийн хамгийн дорой боловсролтой улсуудын тооноос хасагдаж чадхгүй байсаар өдийг хүрсэн аж.
Өнгөрсөн сард Зимбабвегийн Сангийн сайд Тэндай Бити олон нийтэд хандаж улсын санд ердөө 217 ам.доллар байгааг зарласан. Энэ байдлаас харахад боловсролын салбарт хөрөнгө зарцуулах боломжгүй гэдгийг хэлсэнтэй утга адил байлаа. Тиймээс цаашдаа сургуулиа хаях хүүхдүүдийн тоо нэмэгдэх байх гэсэн таамаглал төрүүлж байгаа. Эдийн засгийн нэн дорой энэ үед сургуульд багшлах багш нар ч бараг байхгүй болоод байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ