
Балбын нийслэл Катаманду хотод нэгэн эр өөр дээрээ түлш асгаж зулын гол болсон хэрэг гарчээ. Тэрээр Балбад амьдардаг түвдүүдийн төлөөлөл болон Хятадын эрх баригчдын Түвдэд явуулж буй бодлогыг эсэргүүцэн ийм үйлдэл хийжээ.
Катаманду хотын цагдаа нарын мэдээлж буйгаар өөрийгөө шатаагч эр эхлээд ойролцоох кафед орж шингэн шатахууныг бие дээрээ асгаж улмаар гадаа гарч өөрийгөө шатааж эхэлжээ. Дараагаар нь цагдаа нар түүнийг эмнэлэгт хүргэсэн аж. Одоо тэрээр Катманду хотын “Tribhuwan” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэрээр галд шатаж дүрэлзан асч байхдаа хятадын эсрэг өөрсдийн хэлдэг уриа үгээ хэлж, хашхирсаар байсан хэмээн гэрчүүл хэлж байгаа.
Өөрийгөө шатаасан эр ойролцоогоор 21 настай гэдгийг олж мэдсэн бөгөөд түүнээс өөр мэдээлэл хараахан тодорхой болоогүй байгаа. Нийслэл Катаманду хотын Будханат дүүрэгт түвдүүд ихээр суурьшсан байдаг. Тиймээс өөрийгөө шатаан зулын гол болж эсэргүүцлээ илэрхийлэх явдал дахин гарч болзошгүй хэмээн орон нутгийн цагдаа нар сэрэмжтэй ажиллаж байгаа гэнэ.
Харин Балбын засгийн газраас түвдүүдэд хандан иймэрхүү маягаар бослого үймээн дэгдээхгүй байхыг сануулсан байна. Хэрэв энэ байдал даамжирвал хоёр орны эв найрамдалт харилцаанд ч муугаар нөлөөлж болох юм гэдгийг хэлжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ