
Палестины удирдагч Ясир Арафатыг нас барснаас хойш есөн жилийн дараа түүний бэлбэсэн гэргий түүнтэй суусандаа харамсаж байдгаа илэрхийлээд, хэрвээ надад дахин сонголт хийх боломж олддогсон бол, би түүнтэй суухгүй байх байсан гэж мэдэгджээ. “Арафаттай суусан маань том алдаа байсан, би үүнд харамсаж явдаг” гэж Суха Арафат туркийн “Сабах” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
“Бид 22 жил ханилан суусан, гэтэл харин бүтэн 50 жил өнгөрсөн юм шиг надад санагддаг байлаа” гэж Суха дурдаад, би түүнээс салах гэж нэг бус удаа оролдсон ч, тэр салахыг зөвшөөрдөггүй байсан” гэж хэлжээ. Үүнийг ойрын хүмүүс л мэддэг байсан гэж тэр дурдсан байна.
Надаас 33 насаар ах палестины удирдагчтай суухыг хүссэн эмэгтэйчүүд зөндөө байсан бөгөөд бүсгүйн гэр орныхон татгалзаж байсан ч, Ясир Арафат чухамхүү намайг сонгосон юм гэж Суха ярьжээ. Тэр Арафатын гэргий болсноор аюулгүй байдлыг нь хангах үүднээс чухамдаа дөрвөн хананы дунд түгжигдэж байжээ.
Яриаг нь сонсдог байснаас болоод тэр утсаар ярихдаа ч болгоомжлох ёстой байж. Үүнээс гадна, эхнэр, нөхөр хоёр нэг газраас нөгөөд байнга нүүдэг байжээ.
Одоо хуучин удирдагчийн бэлбэсэн гэргий Палестины үндэсний засаг захиргаанаас авдаг тэтгэмжээр амьдардаг байна. Намайг банкны нууц дансанд олон сая ам. доллар эзэмшдэг хэмээн нотлодог ч, тэтгэмжийн мөнгө нь охин бид хоёрын амьдралд арай чүү хүрдэг гэж Суха гомдолложээ.
“Арафатыг миний дансанд олон сая доллар хийсэн гэсэн элдэв яриа огтоос худал. Арафатад ойр байсан тэр хүмүүс л мөнгөтэй” гэж Суха хэлсэн байна.
Мальтын аралд байдаг байрыг Ливийн хуучин удирдагч Муамар Каддафигаас бэлгэнд авсан гэх цуу яриаг Суха Арафат бас няцаажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ