
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагч К.Монголхүү, О.Нямдэлгэр нар нь бүлэглэн 2009 оны 7 дугаар сарын 4-ний шөнө иргэн Г.Вандандоржийг "жаахан хүүхэд байж архи уулаа, хэнтэй ууж хэнтэй зодолдсон" гэх зэргээр түүний толгой, нүүр цээж рүү нь цохих,өшиглөх зэргээр зодож бие махбодид нь эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн ба дээрхи хэрэгт хяналтын прокурор И.Энхтуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Тус дүүргийн шүүх уг хэргийг 2011 лны 03 дугаар 09-ний өдөр хэлэлцээд О.Нямдэлгэр, К.Монголхүү нарыг бүлэглэж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 4 сар баривчлах ял оногдуулсан байна
Нийслэлийн давж заалдах шатны шүүх ялтан нарын болоод хохирогчийн гомдлоор О.Нямдэлгэр, К.Монголхүү нарт холбогдох хэргийг 2011.04.28-ны өдөр хэлэлцээд 2011.03.09-ний өдрийн 68 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт "...Хохирогч Г.Вандандорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай" гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан тогтоолын бусад заалтыг хэвээр баталжээ.
2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанаар ялтан нарын болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор дээрхи хэргийг хянан хэлэлцээд Цагдаагийн албан хаагч К.Монголхүү, О.Нямдэлгэр нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүх хуульд заасан ял оногдуулсан ба Мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байна.
Цагдаагийн албан хаагч К.Монголхүү, О.Нямдэлгэр нар нь гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд хүлээгээгүй бөгөөд энэ хэргийн талаар худал ташаа мэдээлэл өгч байсан хэдий ч дээрхи хүмүүс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг Улсын Дээд Шүүх хянан тогтоосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ