
Гэмт хэргээс үүдэлтэйгээр Москва хорооллыг камержуулж байна. Учир нь оны өмнөхөн тус хороололд бага насны охиныг цахилгаан шатанд хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан аж. "Москва" хороололын хувьд "Москва", "Кремль" гэсэн хоёр СӨХ-той. Эхэлж ашиглалтад орсон зургаан байр бүхий хэсэг нь "Кремль" гэсэн нэртэй СӨХ-той бол, нөгөө хэсгийнх нь СӨХ "Москва" нэртэй аж. "Москва" СӨХ-ны зарим байрны барилгын ажил үргэлжилж буй, бүрэн ашиглалтад ороогүй тул гэрэлтүүлэг муутай байдаг гэнэ. Гэтэл уг хэрэг гарсан нь тус хорооллыг камержуулах ажлыг эхлүүлэхэд нөлөөлсөн байна.
Одоогоор "Кремль" СӨХ-ныхон дөрвөн байрныхаа найман орцонд хяналтын камер суулгаад байгаа бол гаднах талбайг хянах зорилгоор шөнийн цагт ямар ч асуудалгүй ажилладаг есөн камер суурилуулсан гэнэ. Гаднах есөн камерны найм нь 180 метрийн зайд орших дүрсийг гурван метрийн цаана байгаа мэт цэвэрхэн татдаг аж. Харин нэг камер нь сууриараа 360 градус эргэж ойр орчныг бүхэлд нь хянана. Орцны камерыг жижүүрүүд хянаж байгаа бол хяналтын тусгай өрөөнөөс гаднах камеруудыг аждаг, 14 хоногийн бичлэг хадгалах санах ойтой гэнэ. Харин орцнуудад суурилуулаад буй найман камер нь 5.8 сая төгрөгийн өртөгтэй, гаднах есөн камер нь 18 сая төгрөгөөр суурилуулагджээ. "Кремль" СӨХ-ны зургаан байр 540 өрхийн 1962 оршин суугчидтай. Оршин суугчдаас татсан мөнгөөр дотор камерийг худалдан авч суурилуулсан бол гаднах камерыг нийслэлийн төсөв хөрөнгөөр суурилуулсан байна. СӨХ-ныхон байрнуудаа тусгай код, соронзон түлхүүрээр ажилладаг сүүлийн үеийн хаалгатай болгосон гэнэ. Мөн цахилгааны мөнгө хэмнэх зорилгоор гурван шон босгоод дээр нь нарны зайн үүсгүүр байрлуулахаар бэлтгэсэн гэнэ. Хэрэв нарны зайн үүсгүүрүүдээ ашиглаад эхэлбэл гаднах талбай гэрэлтүүлгийн цахилгааны төлбөрөө бүрэн шийдэх боломжтой болсон юм байна.
Орцондоо, цахилгаан шатанд, гэрийнхээ үүдэнд, хашаан дотроо гэмт этгээдийн халдлагад өртөж, амь нас, бие сэтгэлээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаа. Үүний нэг нэг жишээ болон "Москва" хороололд бага насны охин хүчингийн хэргийн золиос болохоо дөхсөн тул тус хорооллынхон СӨХ-тэйгээ хамтран гэрэлтэй гудамж, камертай болж байна. Нийслэлийн иргэд ч мөн адил өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахын төлөө нэгдэн хотын төв, захын хороолол гэлгүй харьяа хороо, дүүргийн холбогдох албаныхантай хамтран гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг хэрэгжүүлбэл болохгүй зүйл үгүй билээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ