
Үзэгчдийг уяраан омогшуулсан түүхэн уран сайхны “Ану хатан” киноны өдөрлөг маргааш “Тэнгис”-т 15 цагаас, , “Өргөө-2”-т 12 цагаас болно.
Үзэгчдийн хүсэлтээр зохион байгуулж буй энэ кино өдөрлөгөөр Ану хатан, Галдан бошигт хаан болон хаан хүү Сэвдэнбалжир, бага хатан Ахай, амь сахигч эмэгтэй баатарт тоглосон жүжигчид киноныхоо хувцастай хүрэлцэн ирж оролцох ажээ. Кинонд ашигласан ойрад хувцас, хатдын зүүсгэл чимэглэл нь үзэгчдийн таашаалд ихэд нийцэж байгаа билээ. Энэ өдөр киноны тасалбар худалдан авсан хүмүүст Ану хатны дүртэй хуанли бэлэглэх гэнэ.
Энэ нь Галдан хаанд тоглосон жүжигчин Мондооны Мягмар, Ану хатан буюу дуучин Даваасүрэнгийн Отгонжаргал, Ахай хатанд тоглосон мисс Б.Бадамцэцэг, Сэвдэнбалжирт тоглосон А.Алтанхуяг буюу “Тусгай салаа”-ны Сүлд, Ану хатны амь сахигч баатарт тоглосон мисс П.Шүүдэрцэцэг нар үзэгчидтэйгээ мэндчилэн хамтдаа зургаа авахуулж, гарын үсгээ өгөх юм байна.
Мөн Галдан хаан, Ану хатны дүртэй төрөл бүрийн хуанлийн худалдаа, киноны гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулахаар бэлджээ. “Ану хатан” киног үзсэн охид Ану хатантай зургаа авахуулна хэмээн аав ээжийгээ шалж, хөвгүүд баатруудыг нь дууриан байлдаж тоглох, байлдаантай хэсгийг нь дахин дахин үзэх хүсэлтээ илэрхийлж байгаа нь кино уран бүтээлчдийг өдөрлөг зохиоход хүргэжээ.
Эх сурвалж:
www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ