Илдэн дээр гүйгч ямар шалтгаанаар найз бүсгүйгээ хөнөөв

img

“Илдэн дээр гүйгч” найз бүсгүйгээ буудан хороожээ Ийм гарчигтай мэдээллүүд олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр гарч дэлхий дахиныг шуугиулж байна. Өмнөд Африкийн БНУ-ын бахархал болсон паралимпийн аварга, гүйгч Оскар Писториус Валентины баярын өмнөх шөнө найз бүсгүйгээ буудан хороосон тухай мэдээлэл өчигдрөөс олны сонорт хүрсэн. Хэрэг Йоханесбургийн Претория дахь паралимпийн аваргын гэрт болсон бөгөөд тухайн үед залуус гэртээ хоёулхнаа байсан аж. Чухам ямар шалтгаанаар хайртай бүсгүйнхээ аминд хүрсэн нь хараахан тодорхой болоогүй ч тэрбээр энэ үйлдэлдээ ихэд харамсаж байгаагаа хэлсэн байна. Писториус өчигдөр цагдаа нарт баривчлагдсан. Хэдийгээр түүнийг сэжигтэн этгээд хэмээн нэрлэж байгаа ч энэ хэрэг түүнээс гарцаагүй болсон гэнэ. Өнөө өглөөнөөс түүнийг байцааж, хэргийн тухай мэдээллийг илүү тодруулах юм. Писториус найз бүсгүйгээ хулгайчтай андуурч буудсан байж магадгүй гэх мэдээллийг зарим нэг эх сурвалж дамжуулж байгаа. Хэрэг гарахас өмнө тэдний гэрт юу болсон бэ ӨАБНУ гэмт хэргийн гаралт өндөртэй хэмээн тооцогддог улс. Тэндхийн иргэдийн дийлэнх нь биеэ хамгаалах зориулалтаар буутай явдаг аж. Хэрэг явдал орон нутгийн цагаар үүрийн 04.00 цагийн үед гарчээ. Хөршүүд нь буун дуу сонсмогцоо цагдаа дуудсан байна. Цагдаа нарыг ирэхэд бүсгүй аль хэдийнэ амиа алдсан байв. Бүсгүй толгой болон цээжин тус газраа буудуулсан байжээ. Түүнийг есөн мм-ийн гар буугаар хөнөөсөн болохыг тогтоож, бууг нь ч хэргийн газраас олжээ. Гэхдээ Писториусын анхны мэдүүлгээр тэд ердөө ч хэрэлдэж муудалцаагүй гэнэ. Жирийн нэгэн үдшүүдийн адилаар гэртээ байцгаасан аж. Харин цагдаа нар Писториусыг найз бүсгүйдээ дарамт учруулсан ч байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа. Шинжилгээгээр тэд маргалдсан байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Учир нь тэдний байсан өрөөний хаалга сэвтэж, модон хаалганы хэлтэрхий газар унасан байв. Үүнээс үзвэл том зүйлээр хүчтэй цохисон байх гэж таамаглаж байгаа юм. Хохирогч бүсгүй амиа алдахаас нэг өдрийн өмнө Twitter хуудсандаа валентины баярыг сэтгэл догдлон хүлээж буй тухайгаа нийтэлсэн аж. Модель  бүсгүйн талаар түүний ойр дотныхон “Тэр маш ухаалаг, хүнлэг нэгэн байсан. Ийм харамсалтайгаар амиа алдсанд балмагдаж байна. Тэр хүмүүнлэгийн үйлсэд их анхаардаг байсан” хэмээн ярьжээ. Писториус 2009 онд мөн хүн амины гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан. Гэхдээ тухайн үед баримт нотолгоо дутмаг байснаас хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг сулласан аж. Харин 2011 оны арваннэгдүгээр сард Писториус өөрийн Twitter хуудастаа шинэ буу худалдаж авсан тухайгаа нийтэлж байв. Паралимпийн бахархал Писториусын хувьд Лондонгийн олимпийн наадамд хөнгөн атлетикийн 400 метрийн гүйлтэд хурдаа сорьж улмаар дэлхийн түүхэнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчин улс орнуудаас шигшигдэн ирсэн эрүүл тамирчидтай уралдсан тохиолдлоор бүртгэгдэв. Харин паралимпийн наадамд тэрбээр Т44 ангилалд 200 метр мөнгө, 4х100 метрийн буухиа гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэнээс гадна 400 метрт түрүүлж, паралимпийн рекордыг эвдсэн гайхалтай нэгэн. Тэрбээр төрөлхийн хөлний тахилзуур ясгүй бөгөөд хиймэл, туялзуур хөлтэй юм. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч жирийн буюу эрүүл хүмүүстэй ч эн зэрэгцэн гүйдэг. Түүний энэ  зоригтой, хичээнгүй байдал нь Писториусыг нэр алдрын оргилд хүргэж, үндэсний бахархалт хүн болгосон төдийгүй дэлхий дахинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэлзүйн бамбар болж явсан юм. Түүний эцэг хэвлэлийнхэнд хандаж “ Би юу ч мэдэхгүй байна. Хүүтэйгээ тухтай ч уулзаж амьжаагүй, сүүлийн үед бид тааралдаагүй байсан” гэв. Хэргийн талаар тодорхой мэдээлэл одоогоор гараагүй байгаа. Түүнийг байцааж түүнчлэн гэрт нь шинжилгээ хийсний үндсэн дээр хэргийн талаар дэлгэрэнгүй бодит мэдээлэл өгөх боломжтой гэж цагдаа нар хэлж байна. Сэтгэлзүйн таамаглал Лос-Анжелос Таймс сонинд энэхүү дуулиант хэрэгтэй холбоотой нэгэн нийтлэл гарчээ. Сэтгэлзүйч Крис Дугласын тэнд бичсэнээр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон нийтийн анхаарлын төвд олонтаа орж, улмаар өөрийгөө нийгмийн үнэт зүйлсийн нэг болж буйгаа аажмаар мэдэрдэг. Яг ийм байдалтай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлзүйн хүндрэлүүд тулгарах нь их байдаг хэмээжээ. Учир нь олны анхаарлын төвд байдаг тэдгээр хүмүүс жирийн иргэдээс ямар нэг зүйлээр дутмаг байх, аль эсхүл өөрийнхөө бэрхшээлээс үүдэлтэйгээр ямар нэг таагүй ярианд ороогдох зэрэг нь хүнд цохилт болдог гэнэ. Магадгүй Писториусын хэрэг ийм учир шалтгаанаар өдөөгдсөн байж ч болзошгүй аж. Жирийн хүмүүс хайрлаж дурлаж, уурлаж бухимдаж байдаг нь энгийн үзэгдэл. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй алдар хүндийн оргилд гарсан тамирчин залуу өөрийн сул тал, дутагдлаа хамгийн ойр дотны хүнээсээ мэдэрсэн тохиолдолд ямар ч байдал үүсэж магадгүй хэмээн Крис Дуглас тайлбарлаж, таамаг дэвшүүлсэн байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zoloo:
Ene chin nogoo London-n Olympid, margaldaad baisan nohor mon uu? Daraa n uuchlal guigaad yariad baisan? Ter nohor bol butehgui nohor baigaa l doo!
2013-02-16
haramsaltai l yum hen heniig ni uruvduj bna
2013-02-15
zurhiig ni zusej zuudiig ni tuuruulj urbasan biz
2013-02-15