
Маргааш Монгол улсад анх сургууль үүсгэн байгуулагдсан өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан УИХ, Засгийн газрын гишүүд болон Улаанбаатар хотын засаг дарга, ИХТ-ын Тэргүүлэгчдийн дарга, томоохон сургуулиудын захирал, салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд Монгол улсын боловсролын салбарын эрс шинэчлэлийн асуудлаар хэлэлцэх гэж байна. Энэхүү хэлэлцүүлэг өнөөдөр 18.00 цагт Маршал Таун хотхонд эхлэх бөгөөд энэ үеэр боловсролын салбарынд зориулсан улаан хивсний ёслол анх удаа зохиогдох аж.
Түүх өгүүлвэл, 1921 онд ардын хувьсгалын ялалтын үр дүнд анхны бага сургууль буюу одоогийн III дугаар сургууль байгуулагдаж байжээ. Харин 1923 оны хоёрдугаар сарын 16-ны энэ өдөр шинэ Монгол улсын анхны дунд сургууль болох I дүгээр сургууль байгуулагдсан аж. Энэ сургуульд монгол хэл бичиг, тооны ухаан, англи, франц, герман, хятад хэл зэрэг гадаад хэлээс гадна дэлхийн байдал, бодисын зүй, хувилахуй ухаан, байгаль судлал зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг зааж эхэлсэн байна. Анхны төгсөгч 57 хүүхэд байснаас 1926 онд Франц, Герман, Орос улсад боловсрол эзэмшихээр 30 нь явсан гэдэг. Тэд Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болон түүхэнд үлдсэн юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ