
Өнөө өглөө ОХУ-ын Челябинск хотын цинкийн үйлдвэрт дэлбэрэлт болж олон арван байшингийн цонхны шил хүчтэй долгионоос болж хагарчээ. Цонхны шилний үйрмэг ойролцоох сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн гар, хөлд шивэн хөнгөн гэмтэл учруулсан байна.
Харин энэхүү дэлбэрэлтийг үйлдвэрийн осол биш байгалийн үзэгдэл болох солир унаснаас үүдэлтэй гэж орон нутгийн онцгой байдлын газраас мэдэгдээд байна. ОХУ-ын Челябинск, Курган,Тюмен,Свердловск муж болон Казакстан улсын хойд нутгийн оршин суугчид тэнгэрт солир үзэгдэхийг ажигласан байна.
Солирон борооны ихэнх нь агаарт шатсан бөгөөд үлдсэн нэг нь л Челябинскд “газарджээ”. Азаар хүний амь эрсдээгүй гэж “Риа Новости” агентлаг мэдээлж байна. Хэргийн газар онцгой байдлын гурван нисдэг тэрэг ажиллаж байгаа аж. Одоо тус улсад ойролцоогоор 20 мянган хүний бүрэлдэхүүнтэй хүчнийхэн бэлэн байдал зарлаад байна. Хотод онц байдал зарласан бөгөөд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг гэрт нь буцааж байна гэж “Интерфакс” агентлаг орон нутгийн эх сурвалжаас иш татан мэдээллээ.
Хотын дулаан хангамж, инженерийн шугам сүлжээ хэвийн ажиллаж байгаа тул иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдээгүй бөгөөд тэдэнд тайван амгалан байхыг тус улсын Онцгой байдлын газраас анхаарууллаа. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар дэлбэрэлт нэг бус удаа болжээ. Нүдээр үзсэн гэрчүүдийн зарим нь гар утсаараа бичлэг хийсэн бөгөөд тэнгэрээс маш тод гэрэл цацарч их том зүйл харван унасан хэмээн мэдээлж байна. Энэхүү солирын бороо хоёрдугаар сарын 15-нд дэлхийтэй ойртох DA-14 солиртой огт хамааралгүй гэж эрдэмтэд хэлж байна.
http://youtu.be/aowMbxWUZ7E
СЭТГЭГДЭЛ БИЧИХ