Бахрейнд болсон үймээнд хүүхдүүд үрэгджээ

img

Өчигдөр Бахрейнд парламентын эрхийг өргөжүүлсэн улс төрийн шинэчлэлийг шаардсан шийт гаралтай иргэд үймээн дэгдээжээ. Энэ үймээнд хэд хэдэн хүн амь насаа алдсаны дотор өсвөр насны хүүхдүүд ч байсан гэж Associated Press мэдээлэв. Нийслэл Манама хотын зарим дүүргүүдэд жагсагчид гудамжинд цагдаагийнхантай мөргөлдөж эхэлжээ. Жагсагчид чулуу мод болон шатах бодистой лонх шидэж цагдаа нар руу дайрсан бол цагдаа нар нулимс асгаруулах хий цацаж үймээнийг намжаасан байна. Энэ үймээн анх хоёр жилийн өмнө тайван замаар жагсаал хийхээр цуглаж улмаар цуст мөргөлдөөн дэгдэж байсан. Энэ жил ч мөн ойн дээрээ шийтүүд үймээн дэгдээж нэлээд ширүүхэн тэмцэл өрнүүлэв. Шийтүүд тус улсын хүн амын бараг далаад хувийг эзэлдэг бөгөөд тэд шашин шүтлэгийнхээ улмаас ямагт ялгаварлагдсаар ирсэн. Бахрейн улс нь арабын зарим улсуудын нэгэн адил АНУ-тай түншлэлийн харилцаатай, энэ ч утгаараа Америкийн тэнгисийн цэргийн тавдугаар флот тус улсад байрладаг. Хэрэв засгийн эрхийг цөөнх болох сүннитүүд шийтийн олонхид алдвал тус орныг Ираны нөлөөнд орох магадлалтай хэмээн шинжээчид үздэг юм. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ