
Саудын Арабын Гадаад хэргийн сайд Сауд аль-Фейсалын Сирийн амь үрэгдэгсдийн тоо 90 мянгад хүрсэн хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид мэдэгдсэнийг "Вашингтон пост" сонинд нийтэлжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри "Надад өнөө өглөө Саудын Арабын Гадаад хэргийн сайдтай ярих боломж тохиолдлоо. Сирийн амь үрэгдэгсдийн тоо 90 мянгад хүрээд байгааг тэрбээр юун түрүүнд мэдэгдсэн" гэв.
"Иргэний дайнд амь үрэгдэгсдийн тоо ойролцоогоор 70 мянга давлаа" гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Нави Пиллейгийн энэ долоо хоногт өгсөн мэдээллээс энэ нь хамаагүй өндөр байгаа юм. АНУ-ын Төрийн департаментад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй хийх анхны уулзалтаар хэлэлцэх багц асуудлуудын нэг нь Сири дэх "хүмүүнлэгийн хүнд байдал" байх юм гэж АНУ-ын шинээр томилогдсон дипломатч хэлж байна.
Өнөөдрийн байдлаар Сирийн 750 мянга гаруй хүн улс орноосоо аргагүйн улмаас дүрвээд байгаа бол 2,5 сая хүн дотоодын шилжин суурьшигч болсон байна гэсэн тооцоог НҮБ-ын хүний эрхийн комисс гаргажээ.
Э. Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ