
Түүний хувьд дөнгөж 19 насандаа дуучин Д.Болдын студитэй гэрээ байгуулан өвөрмөц хоолой, өнгө төрхөөрөө дуучдаас ялгаран олонд танигдсан нь саяхан билээ.

Тухайн үед царайлаг, ганц бие сайхан дуучныг сонирхох залуус бишгүй байсан ч “Өөртөө итгэлтэй, өөрийгөө хүндэтгэдэг залуус таалагддаг” хэмээн итгэлтэйгээр хэлдэг байв.

Өдгөө түүнийг Жамъян хуурчийн ач хүүтэй дэр нэгтгэн бяцхан үртэй болон намба суугаад байгааг андахгүй биз ээ.

Тэгвэл одоогоос гурван жилийн өмнө, түүний хэлснээр амьдрал гэж яриад байхаар насанд хүрээгүй байхдаа ирээдүйн ханийнхаа талаар “Байртай, машинтай гэх мэт шаардлагууд надад сонин биш. Хамгийн гол нь амьдралын төлөө зүтгэлтэй, өөрөө өөрийгөө хайрлаж, хүндэлдэг хүн байх хэрэгтэй.

Тийм хүн л бусдыг хайрлаж, хүндэлнэ. Амьдралд хүлээцтэй, байгаагаараа байж чаддаг, тийм эр хүн зүгээр. Түүнээс эр хүнд элдвийн маяг хэрэггүй л дээ.

Гэхдээ би одоохондоо “амьдрал гэдэг чинь ийм” гээд л мэдэмхийрэх насанд арай хүрээгүй байна гэж өөрийгөө бодож байна. Ингэж ярихад дэндүү балчирдана. Тухайн цаг нь ирэхэд зүрх сэтгэл л дагуулах байлгүй дээ. Одоохондоо бол төлөвлөгөө алга” хэмээн ярьж байсан юм.

Дуучин бүсгүй өдгөө өөрийн хэлсэн шиг ээ сайхан гэр бүлээ бүрдүүлж чадсан хэмээн ойр дотныхон нь ам уралдан хэлдэг юм билээ.

Залуу, ялангуяа халуухан олны танил бүсгүйчүүдийг дайрч гардаг ивээн тэтгэгчийн асуудалд тэр өөрийн байр сууриа нээлттэй илэрхийлдэг билээ.

Тэрбээр залуу уран бүтээлчдээс шинэ дуу нэхээд байдаг. Бидэнд тийм санхүү байхгүй тохиолдолд ивээн тэтгэгч хэрэгтэй шүү дээ. Тэгээд уран бүтээлээ гаргах гээд ивээн тэтгэгчтэй болбол ор хөнжлийн асуудлаар ойлгодог нь таалагддаггүй гэдгийг хэлдэг.

Агиймаагийн амьдралын бас нэгэн том сенсааци нь нүцгэн зургаа авахуулсан явдал байв. Мобиком корпорацитай гэрээ байгуулан 22 сая төгрөгөөр нүцгэн зургаа элдвээр авахуулсны дараа түүнийг сайн муу олон хэл ам дагасан.

Гэсэн ч тэр үнэхээр тэвчээртэй, түүнээсээ илүү хэнэггүй бүсгүй. Тэрбээр “Би бол Агиймаа. Би ямар тэд нарын амьдралаар амьдарч, нүцгэлээд байгаа биш. Намайг хэзээ ч хорьж дийлж чадахгүй” гэж байжээ.

Залуу бүсгүйг дайрсан хэл амны нэг нь “мэргэжлийн бус” гэх яриа. Гэхдээ зарим тохиолдолд энэ нь түүний давуу тал ч болдог.

Зарим хэсэг нь мэргэжлийн бус гэхэд сайн дуучин гэдэг бол нөгөө талаас мэргэжлийн бус хүмүүс дуулж урлаг гутаалаа гэх зэрэг олон хэл амны бай болж байсан юм. Гэвч дуучин бүсгүй иймэрхүү доромжлол, хэл амыг огтхон ч тоодоггүй гэнэ.

Харин доромжлол бус шүүмжлэлийг авах дуртай аж. Өөрийнхөө алдаа дутагдлыг өөрийн нүдээр харж чадахгүй учраас хүний шүүмжлэлээр түүнийг засах боломжтой гэж үздэгээ ч нуудаггүй юм.

Харин сурч боловсрохын тухайд тэрбээр “Дууны түвшин, хөгжмийнхөө боловсролыг хөгжүүлмээр байна. Урлагт бүх сэтгэл зүрхээ зориулж байгаа хүний хувьд сурах юм их байнаа. “Дуучин, дуучин” гээд л яваад байдаг эргээд харахад юу ч байхгүй.

Хэдэн дуутай, ганц цомогтой. Гэтэл хүн сурч боловсроод, төлөвшөөд ирэхээр хүнээс гарч байгаа уран бүтээл нь өөрөө бас их сайн болдог ч юм уу” гэжээ.

Агиймааг баар сав хэсч, архи дарс уудаг хэмээн сонин, сайтуудад гарсан мэдээллийг тэр бүр үгүйсгээд байдаггүй.

“Тайзан дээр үзэгчдээ хүндэтгэх ёстой ч энгийн амьдрал дээр би ч гэсэн хүн.

Орчин үеийн залууст тэгээд шоудахаас өөрөөр зөв боловсон цагаа өнгөрөөх газар нь тэгээд хаана байгаа юм бэ.

Хүмүүс баар сав гэхээр муу газар л гэж боддог, үгүй ш дээ. Тэнд чинь бид дуртай хөгжмөө сонсож, найз нөхөдтэйгээ бүжиглэж сайхан мэдрэмж авч байна.

Яагаад болохгүй гэж. Миний юу хийж хаагуур явах хэнд ч хамаагүй. Би бол Агиймаа. Өөрийнхөөрөө л байна” гэдэг юм.

Б.Заяа
Эх сурвалж:
www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ