Барилгын эзэдтэй ширээний ард суух цаг болжээ
Нийслэлийн хүн амынх нь 78 хувь нь гэр хороололд амьдарч байгаа манай улсын хувьд орон сууц хамгийн их эрэлттэй зүйл болчихоод байна. Метрополис хотын иргэд XXI зуунд хөрсөн дээр өтгөн шингэнээ хаяж, нэг өрх өдөрт 10 хүрэхгүй литр цэвэр ус ашиглаж байгаа нь яавч байж боломгүй санагдах ч өөрөөр байх аргагүй гэх хувь тавилантай эвлэрч амьдарсаар зуун жилийн нүүр үзсэн. Магадгүй энэ байдалтай дахиад хэдэн зууныг элээхийг нийслэлийн гэр хорооллынхон хүсэхгүй нь мэдээж.
Ардчилсан хотын дарга гэр хорооллыг дахин төлөвлөж, айл өрх бүрт моргейжийн зээл олгохоор ярьж байна. Гэр хорооллыг үлгэрийн мэт болгож чадахгүй ч олон улсын жишигт дөхөж очихоор болгоно хэмээн ярьсаар эхнээсээ төсөл хөтөлбөрөө баталлаа. Гэхдээ хэзээ энэ мөрөөдөл биелэх нь цаг хугацааны асуудал.
Бодит байдал дээр Улаанбаатарын агаарын бохирдлоос ангижрах ч тэр, иргэдийнхээ цэвэр аюулгүй, тухтай орчныг бодсон ч тэр орон сууцжуулах нь хамгийн зөв бөгөөд эхний гарц гэдэг нь хэнд ч ойлгомжтой байхад энэ төрлийн ажлууд эхнээсээ нурж эхэллээ. Сул талыг нь ашиглана гэгчээр өнгөрсөн хавар бага дунд орлоготой иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгох журам батлагдсан нь өнөөдөр олон өрх орох оронгүй, оочих аягагүй боллоо. Хашаа байшин, газар, машин гээд байдаг бүх үл хөдлөх хөрөнгөө зарж байрны урьдчилгаанд өгсөн иргэдийн гомдол өнөөдрийг хүртэл тасарсангүй. Гэвч энэ байдалд албаны хүмүүс нүдэн балай, чихэн дүлий хандсаар.
Барилгын эзэд дээрх бага хүүтэй зээлийн сургаар амандаа орсон тоогоо хэлж орон сууцны үнийг хөөрөгдүүлж, олон төрлийн шалтаг шалтгаан тоочсоор ирлээ. Энэ хугацаанд хамгийн боломжийнд тооцогдож байсан “100 мянган айлын хөтөлбөр”-ийн явц ч базаахгүй болж, орон сууцны үнэ тэнгэрт хадлаа. Харамсалтай орон сууцны үнэ өссөн, өсөж буй шалтгаан нь тодорхойгүй. Гэхдээ үнэ буурах боломжтойг ШӨХТГ-ын дарга О.Магнай ярьж, нэг метр кватрат нь дээд тал нь нэг сая төгрөг байх боломжтойг дуулгасан. Гэхдээ АН-ынхны хийж байгаа бүхэн алд дэлэм зөрүүтэй байгаа нь хачирхалтай. Мах болоод шатахууны үнийг нэмэхгүй гэсэн ч аль хэдийнэ нэмэгдээд авсан. Хамгийн энгийн жишээ л энэ.
Орон сууцны үнэ буурах боломжтой гэж байгаа ч яаж гэдэг нь бас л тодорхойгүй. Өнөөдрийн байдлаар орон сууцны метр квт нь 2.5 саяд хүрчихлээ. Гэтэл Монгол хүний дундаж цалин 500 мянган төгрөг байна. Зөрүү нь хоёр сая төгрөг. Шинээр баригдаж байгаа барилгуудад хятад, солонгосчууд орж байгаа нь нууц биш. Харин үнэн хэрэгтээ барилгын үнэ нэмэгдэж байгаа нь увайгүй хэдэн бизнесмэнүүдийн хийсэн уршиг.
Байдал нэгэнт ийм болсон хойно АН-ын угшилтай удирдлагууд барилгын компанийн эзэдтэй нэг ширээний ард сууж, хэлэлцээр хийх цаг болсныг харуулж байна. Барилгын бодит өртгийг одоог хүртэл гаргаж чадахгүй, зөрөлдсөөр л байгаа. Арилжааны банкуудын зээлийн хүү дэндүү өндөр байгааг ч хуулиар зохицуулж яагаад болохгүй гэж. Энэ бүхэнд төрийн оролцоо чухал байгааг хазааргүй морь шиг давхиж байгаа барилгын үнэ бэлхнээ харуулж байна. Харин тэд ямар ч алхам хийлгүй, ярьсаар удлаа.
Б.Ариунаа
Эх сурвалж: http://shuurga.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ