Орост унасан солирын үйрмэгийг цэвэрлэж эхэллээ

img

Өчигдөр өглөө ОХУ-ын Челябинск мужийн нутагт солирын хэлтэрхий унаж 1200 орчим хүн хөнгөн гэмтэл авсан тухай мэдээлэл ирсэн. Солир Челябинскийн дээгүүр өнгөрч Чебаркуль нуурын орчимд унасан байна. Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тодорхойлоогүй байгаа. Харин тус бүс нутаг руу 20 мянган хүний бүрэлдэхүүнтэй тусгай багийнхан гэмтэж бэртсэн хүмүүст туслах болон солирын борооны улмаас эвдэрч сүйдсэн барилга, байшингийн хог хаягдал, солирын хэлтэрхийг цэвэрлэхэээр очсон тухай ВВС мэдээлж байна. Тус солир дэлхийн агаар мандалд орж ирэхээс өмнө 10 тоннын жинтэй байжээ. Харин дэлхийн агаар мандалд орж ирээд хуваагдсан аж. Челябинск хотын дээгүүр тэнгэрт хурц гэрэл цацруулан секундэд 30 км-ийн хурдтайгаар нисэн өнгөрчээ. Солир унасан Чебаркуль нуурын эрэг орчимд зургаан метрийн өргөнтэй нүх үүссэн байна. Солир унахад мэдрэгдсэн хүчийг хараахан тогтоогоогүй байгаа. Нутгийн иргэд солир унаж байх нь яг л атомын бөмбөг шиг мэдрэгдсэн гэв. Харин ОХУ-ын шинжлэх  ухааны академийн эрдэмтэд шинжилгээ хийсэн бөгөөд ямар нэгэн хортой цацрагийн идэвхжил байгаагүй хэмээн  мэдэгджээ. Челябинскт цөмийн үйлдвэр болон атомын цахилгаан станц байрладаг аж. Гэхдээ аз болоход солир унасантай холбоотой ямар нэг хор, хөнөөлтэй зүйл болоогүй гэдгийг тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлж байна. Орост унасан солир нь дэлхийтэй зөрөн өнгөрсөн “2012 DNA 14” солиртой холбоогүй аж. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ