Шатахууны үнэ барихад чиглэсэн хөтөлбөр үр дүнгээ өгч эхэллээ гэж дүгнэв
Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр"-ийн хэрэгжилт, гарсан үр дүнгийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөөлдөг стратегийн бүтээгдэхүүн болох газрын тосны импортын хараат байдал манай улсад инфляци хөөрөгдөх суурь хүчин зүйл болсоор ирсэн. Иймд Монголбанк, Уул уурхайн яам хамтран санхүүжилтийн өртөг, ханшийн эрсдлийг гадаад зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зохицуулж, жижиглэнгийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг өнгөрөгч оны 10 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас хэрэгжүүлэгч 11 компанид 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Сүүлийн гурван сарын гадаад үнийн цочир өсөлт дотоодод шатахууны хомсдол үүсгээгүй, үнэ нь ард иргэдэд дарамт багатай туссан нь хөтөлбөрийн чухал үр дүн гэж Уул уурхайн яамнаас танилцууллаа. Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр сүүлийн хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нөөц хоёр дахин, тэр дундаа АИ-92 бензиний нөөц 3.1 дахин нэмэгдсэн байна.
Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад олон эерэг үр дүн, статистик үзүүлэлт гарчээ.
2011 оны 5 дугаар сард газрын тосны бүтээгдэхүүний нөөц шавхагдан дизель түлш литр тутамда 310 төгрөгөөр өсч байсан, өнгөрсөн оны эхэн үед нэг хоногт газрын тосны бүтээгдэхүүний үнийг 250 төгрөгөөр нэмж дотоодын зах зээлд доргилт өгч байсан зэргээр сүүлийн жилүүдэд тулгарсаар ирсэн эрсдэл энэ жил дорвитой буурчээ.
Өөр нэгэн том үр дүн бол гадаад зах зээл дээрх үнэ өсөхөд дотоодын жижиглэнгийн худалдааны үнэд биш, харин бөөний худалдааны үнэд шингээдэг механизмд шилжиж эхэлсэн явдал.
Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийнхтэй харьцуулбал дизель түлшний импортын хилийн үнэ 26 хувиар, дотоодын зах зээлд бөөний үнэ 28 хувиар өссөн байхад жижиглэнгийн үнэ 6 хувьщиар л нэмэгджээ.
Манай улс шатахууныг 100 хувь импортоор авдгийн 91 хувийг нь зөвхөн ОХУ-аас нийлүүлдэг. 269 орныг хамруулан хийсэн олон улсын судалгаанаас үзэхэд, шатахууны импорт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш хувь эзлэхэд л макро эдийн засагт эрсдэл дагуулж болзошгүй байдаг аж.
Гэтэл манай улсын шатахуун дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг эзэлдэг тул ийнхүү тухайлсан дэд хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсгэсэн юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн зардал, валютын ханшийн өсөлтөөс компаниудад үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулж, гадаад үнийн өсөлтөөс бусад тохиолдолд дотоодын жижиглэнгийн үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдүүлсэн хэмээн Засгийн газрын гишүүд дүгнэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ