Ч.Содтуяа: Би хайраар дутаагүй
“Азийн модель” агентлагийн тэргүүн, загвар өмсөгч Ч.Содтуяатай ярилцлаа. Зургаан жилийн өмнө “Miss Mongolia-2004” тэмцээнд шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр “Фото мисс” өргөмжлөл хүртсэн удаатай. “Гоёл” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж, загварын ертөнцөд өнгө нэмсэн авьяаслаг бүсгүй өдгөө өөрийн шавь нарыг бэлтгэж буй.
-Загвар өмсөгч, мисс Ч.Содтуяа гэхээр л хүмүүс даруухан, нуруулаг бүсгүйгээр төсөөлдөг. Ингэхэд загварын ертөнц таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бол?
-Загварын ертөнц, миссийн титэм надад их амжилт, амьдралын асар том өөрчлөлтийг мэдрүүлсэн. Тэр тусмаа, мисс гэх нэр алдар надад амьдралдаа өөрчлөлт хийж, ирээдүйд бусдын сайн сайхны төлөө зүтгэх чин хүсэл эрмэлзлэл төрүүлсэн юм. 17-хон настай байхдаа “Мисс Монголиа-2004” тэмцээнд оролцож, улмаар олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх болсон нь миний амьдралд тохиосон хамгийн том боломж байлаа. “Мисс Интернэшнл-2004” тэмцээнээс “Фото мисс” өргөмжлөл хүртсэнээр дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, өөрийгөө таниулж чадсан. Түүнээс хойш олон тэмцээн, уралдаанд оролцсон доо. Тийм болохоор цаг ямагт миссийн нэр хүнд, бүтээх үйлсийнхээ талаар анхаарч эхэлсэн шүү. Загвар өмсөгч болохоор шамдаж байсан тэр жаахан охин, өнөөгийн мисс бүсгүйн хооронд асар их ялгаа бий. Загварын ертөнц амьдралын минь салшгүй нэг хэсэг. Тиймээс мисс, загвар өмсөгч гэсэн энэ хоёр нэрэндээ би туйлын хайртай. Энэ ч утгаараа, олны итгэл хүндлэлийг дааж явахсан гэж үргэлж хичээдэг.
-Хэдэн настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан билээ. Шавь нараа бэлтгэхийн сацуу мисс охидод ч багшилдаг бололтой?
-13 настайдаа “Ганга гоёл” компанийн Дунгаамаа эгч дээр очиж, загвар өмсөгчийн сургалтад хамрагдсан. Загварын ертөнцөд хөл тавьснаас хойш бараг 10-аад жил өнгөрчээ. Залгамж халааг минь авах авьяаслаг шавь олон бий. Загвар өмсч, миссийн тэмцээнд оролцож, олонд танигдаагүй хэрнээ биеэ гоё авч явдаг, царай зүс сайтай гоо охин зөндөө байна. Тэднийг загварын ертөнцөд хөл тавин өөрийгөө хөгжүүлж, гоо сайхан төдийгүй бусад байдлаараа ч үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болж, нийгэмд дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсч явдаг юм. Тиймээс загвар өмсөгч болон мисс охидыг өөрийнхөө хэмжээнд дэмжиж, чадах бүхнээрээ тусалдаг. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах гоо бүсгүй, чадварлаг загвар өмсөгчийг гаргаж ирэх нь миний хувьд хамгийн чухал.
-Манайхны зарим нь өндөр нуруутай болохоор ч юм уу аль эсвэл бусдын зөвлөгөөг дагаж загвар өмсч эхэлсэн гэж ярьдаг. Харин таны хувьд?
-Манай гэрийнхэн өндөр нуруутай. Аав бол надаас ч өндөр. Би нэг ахтай, айлын отгон хүүхэд. Багадаа өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуулийн загвар зохион бүтээгчийн ангид сурдаг байлаа. Энэ нь ирээдүйд гоо сайхан, загварын ертөнцтэй амьдралаа холбох эхлэл минь болсон байх гэж боддог. Ээж минь хөгжмийн багш учраас би бараг урлагийнхан дунд өссөн гэж хэлж болно. Тэр бүхэн миний хүсэл эрмэлзэлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу.
-Отгон охин гэхээр нэлээд эрх өссөн байх, тийм үү?
-Мэдээж, эрхэлнэ. Ээж аав минь намайг хайраар дутааж өсгөөгүй. Үлгэрт л гардаг болов уу гэмээр үнэхээр их хайранд умбаж өссөн дөө, би. Ах маань Удирдлагын академид багшилдаг. Манай аав багш мэргэжилтэй, доктор профессор хүн. Ингээд бодохоор бүгд л эрдмийн талын улс байгаа биз (инээв).
-Тэмцээн уралдаанд оролцож байхад ээж тань үргэлж хамт явдаг юм билээ. Таны хамгийн дотны туслагч гэмээр?
-Үнэн шүү. Өөрийн гэсэн ертөнцийг бий болгож, амьдралаа хүссэнээрээ зохиож, өдий зэрэгтэй явж байгаа минь ээжийн хүч хөдөлмөр. Зохиосон загвараа урлахад ч маш их тусалдаг. Сэтгэл санаагаар дэмжиж, өөртөө итгэлтэй өөдрөг явахад маань их дэмтэй. Охин хүүхдийн хувьд, хамгийн дотны туслагч нь ээж байдаг шүү дээ. Тэгэхээр бүх охидод ээж нь хамгийн сайн найз, имижмейкер, дотны зөвлөгч нь байдаг. Ер нь, эх хүний үүрэг маш их. Охиноо гоо сайхан байлгахын сацуу биеэ зөв авч явах, эрүүл байх тал дээр нь сайн анхаардаг. Би агентлагт суралцаж байгаа охидынхоо эцэг эхтэй их ойр дотно байхыг хичээдэг. Тэдэнд хэрэгтэй зөвлөгөө өгч, аль болох туслах санаатай.
-Оёдол үйлэнд уран болсон тань ч үүнтэй холбоотой байх?
-Тэгэлгүй яахав. Бүр бага байхаасаа л ээжийнхээ оёж өгсөн хувцсаар гоёдог байсан. Хүн болгонд өөрийн гэсэн дадал хэвшил бий. Түүн шиг оёдол үйлэнд уран, аливаад нягт нямбай хандах дуртай. Ээжээсээ авсан үлгэр дуурайлал ч их. “Алтны дэргэдэх гууль шарлана” гэдэг шүү дээ. Урлахуйн ухааныг ээжээсээ өвлөсөн хэрэг.
-Та ямар ч загварын хувцсыг өөрөө оёод өмсч чадах уу?
-Чадна аа. Анх тэмцээн уралдаанд оролцож байхдаа олон төрлийн загварын хувцас оёдог байсан. Өдөр шөнөгүй суугаад л өөрийнхөө бүтээлийг гаргах гээд чармайна. Харин сүүлийн үед тэгж суух завгүй л явна. Агентлагийн хүрээнд өөрийн гэсэн загварын хувцсаа багтаасан. Энд тэндхийн арга хэмжээнд оролцох юм уу гадаадад тоглолтоор явах үедээ авч явдаг юм. Тийм учраас загварын тал дээр туршлага ихтэй.
-Гэхдээ загвар өмсөгч болгон “Топ модель” гэсэн алдрыг битүүхэндээ хүсэмжилдэг нь нууц биш шүү дээ?
-Манайд топ модель болоогүй ч гэсэн, сайн загвар өмсөгч олон байдаг шүү дээ. Д.Эрдэнэтуяа эгч л гэхэд олон жил загвар өмсч, шавь нараа бэлтгэлээ гээд топ болох гэж зүтгээгүй. Топ модель мөрөөдөх эсэх нь тухай хүний үзэл бодлоос хамаарна. Энэ чинь зөвхөн “Гоёл” наадмын нэг шалгаруулалт шүү дээ. Энэ наадамд оролцсон загвар өмсөгчид л шагнуулах боломжтой. Түүнээс биш, олон жилийн хөдөлмөр, туршлагаараа ялгарах аргагүй. Би “Гоёл-2004” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж байсан. Үүнээс хойш загварын ертөнцөд шигдэж, амжилтын хойноос шунаад “Заавал топ модель болно” улайрч явсангүй.
-Загварынхан дундаа таныг их дуу цөөтэй хүн гэлцдэг юм билээ. Хувь хүний үзэл бодол, дотоод ертөнц тань тийм ч нээлттэй бус байдаг шүү дээ?
-Би загвар өмсөгчөөс гадна санхүүгийн мэргэжилтэй хүн. Энэ ч утгаараа, аливаа зүйлд тайван, хүлээцтэй ханддаг. Адгаж сандрахаараа юу ч хийж чадахаа больчихдог сул тал бий. Үүнээс өөрөөр өөрийгөө юу гэж тодорхойлдог юм билээ, байз. Юутай ч, өнөөдөр хийж буй ажлаараа өсвөр үеийнхэндээ мэддэг бүхнээ зааж сургахын төлөө явж байна.
-Агентлагаа өргөжүүлж, гадаад харилцаандаа анхаарч байгаа гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?
-Моделиуд маань сард хоёр удаа Азийн орнуудад зохиогдож байгаа томоохон арга хэмжээнд оролцдог. Саяхан хэдэн загвар өмсөгч БНХАУ-ын Хайлаар руу шинэ хотын нээлтэд орохоор явсан. Азийн загварын агентлагуудтай холбоо тогтоож, байнга хамтарч ажилладаг.
-Олны танил бүсгүйчүүд чинээлэг бизнесмэнтэй нэр холбогдох нь элбэг. Таны хувьд, шавь нартаа энэ талаар юу гэж сургадаг бол?
-Тухайн хүний боловсрол, амьдрах чадвараас шалтгаалах зүйл. Боловсрол муутай хүний амьдрах арга нь хүртэл өөр. Тиймээс би охиддоо “Боловсролдоо анхаарч, хэнээс ч санхүүгийн хараат бус амьдрах хэрэгтэй. Ээж аавынхаа ивээлд байгаа дээрээ сайн боловсрол эзэмш” гэж захидаг. Гэхдээ сүүлийн үеийн охид тодорхой хэмжээний боловсролтой, оюунлаг болсон байна лээ.
-Ээж хүний үүрэг их гэдгийг та түрүүнд хэлж байсан. Ингэхэд охиндоо тэр их хайр халамжийг мэдрүүлж чадаж байна уу?
-Үнэнийг хэлэхэд, сүүлийн үед охинтойгоо хамт байх цаг зав гарсангүй. Ажил ихтэй байгаа учраас өглөө гараад л шөнө дөлөөр гэртээ орж байна. Гэхдээ миний хайрыг эмээ өвөө нь маш сайн мэдрүүлж байгаа. Амралтын өдөр бол өөр шүү. Ямар ч ажлаа хойшлуулж, охиндоо зав гаргаж чаддаг. Түүнээс биш, их ажлын үеэр бусад ээж шиг охиндоо цаг зав гаргаж, хажууд нь өдөржин байж амжихгүй л дээ. Охин маань одоо хоёр ой өнгөрч байгаа.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ