Эзэнгүй эх орон
Нулимсаа тэвчин харийг зорьсон Монгол залуус
Солонгост ажиллах 10 мянган монгол залуусыг маш нарийн шалгуур тавьжээ. Тухайлбал 18-39 настай, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй бөгөөд Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүйн дээр Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх. БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй байх, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй байх, Эрүүл мэндийн хувьд өвчингүй байх /Элэгний В, С вирус, Сүрьеэ, БЗХӨвчингүй байх/ шаардлага тавигдаж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл ид хийж бүтээх насан дээрээ яваа эрүүл саруул, биеээ зөв авч явдаг залуусыг шигшэн гадагш нь хөдөлмөрийн хүч болгож илгээж байна. Хүн ам цөөтэй монголчууд бидний хувьд хэдэн удаагийн 10 мянга гэдэг асар их тоо. Ажиллах хүчин авахдаа 70-80 хувь нь эрчүүд байдаг. Хатуухан хэлэхэд монголд хүүхэд эмэгтэйчүүд, хэдэн хөгшид л үлдэж байна.
Эздийг нь үгүйд эзгүйчилсэн Хятад
Сү.Батболдын засгийн газар НХХ-ийн сайд, МАН-ын урдаа барьдаг эмэгтэй лидер Т.Гандигийн “хүчин зүтгэл”-ээр 278-р тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолд 4430 нарийн мэргэжлийн хятад ажилчдыг монголд урьж ирүүлэх тухай заасан байдаг. Гэтэл дөрвөөр тогтохгүй мянган “хар ажилчин” орж ирсэнээр зогсохгүй хууль бус орогногчдийн тоо хувь илүү давжээ.
Хятад ажилчид ирээд монголчуудыг бүлэглэн зодов, машинаар дайрав, монгол охидыг хүчиндэв гэх сайнаасаа илүү саар мэдээ сонсогдсоор байна. Эх орондоо амар тайван амьдрах Монгол хүний эрх гэж хичнээн тэмцээд ч тусыг олсон нь цөөхөн. Монголчууд бид хилээ нээлттэй болгосноос хойш ийм олон хятадууд нэгэн зэрэг орж ирж байхыг өмнө нь харж байсангүй.
Өөрөөр хэлбэл монголын хөдөлмөрийн насны залуусыг Солонгос руу ажил эрхлүүлэх нэрээр гаргаж оронд нь ямар ч боловсролгүй эх орондоо ял зэм сонсож байсан, зарим нь оргон зайлсан хятадуудаар дүүрэх аюул нүүрлэж байна. Засгийн газрын хувьд элдэв албаны үг хэрэглэн сайхан нэр томьёо дурдах авч бодит байдал дээр нөхцөл байдал ийм л байна.
Хүсвэл хамтад нь явуулах нэмэлт заалтыг оруулах хэрэгтэй
Үүнээс гарах эдийн засгийн болоод улсын аюулгүй байдлын хэм хэмжээ ноцтойгоор алдагдаж байна. . Өнгөрсөн оны тоо баримтыг сөхвөл манай оронд түр болоод бүр оршин сууж байгаа 30 орчим мянган гадны иргэн байна гэсэн мэдээлэл байдаг. Үүний талаас илүү хувийг хятадууд дангаараа эзэлж байна. Оронд нь 10 мянган монгол залуусыг Солонгос руу цөлөх бүртгэл эхлэв. Хамгийн эмгэнэлтэй нь солонгос руу шилдэг залуусаа илгээсэний үр дагавар нь сэтгэл эмтэрмээр. Гэр бүл салалт, өнчирсөн, эцэг эхийн хайраар дутсан тавиул хүүхдүүд ихссээр. Солонгос руу гэрээгээр ажиллах хүч явуулахдаа хуулиндаа гэр бүлийн хоёр хүнийг “хамтад нь” явуулахгүй гэсэн заалт байдаг. Эрүүл ухаанаар бодож үзэхэд ч хамгийн “тэнэг” заалт юм. Хүн дуртайдаа харийн газар очиж хар хөдөлмөр эрхлэхийг хүсдэг гэж үү? Үгүй.
Ам нь өмөлзөх хялх үрээ өлсгөхгүй тулд, жаргаана гээд авч суусан хүний бүсгүй үрийг гудамжинд хонуулахгүйн тулд “тэд” нулимсаа тэвчин байж эх орноо орхидог. Нэг насаараа улс эх оронд зүтгээд ч орон гэртэй болж чадаагүй эцэг эхээ харж харуусахдаа, өөрсдийнхөө хүүхдийг ийм зовлон битгий амсаасай гэсэндээ тэд явдаг. Эцсийн дүндээ бие холдвол сэтгэл холдоно. Хүн юм чинь тэр олон жил нэг нь энд, нөгөө нь тэнд ганцаар байж яаж насыг элээх вэ? Дунд нь хүүхэд өнчирч, бүтэн бүлээн хайрыг мэдрэлгүй өснө. Ингэж өссөн хүүхэд дахиад л ийм амьдралыг давтах болно. Нэгэнтэй л сэтгэл шулуудаад харийг зорин хөдөлмөр эрхлэхээр болсон хүмүүсийг хоёр тал харилцан хүсвэл гэр бүлээр нь явууладаг байх хэрэгтэй. Гадаадад ажиллах хүч гаргах хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, хөдөлмөрийн биржтэй нь тохирох хэрэгтэй. Энэ эх оронд чинь хүнээс илүү эрдэнэ бий гэж үү? Хүн байхгүй бол төр үл оршино бус уу? Хэлсэн ярьсан шигээ хийдэг болчихвол эх орноосоо алхам ч холдохыг хүсэхгүй биз.
Бодит байдал
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сард улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 58.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.4 мянган хүн буюу 35.9 хувиар өсчээ.
Харин үүний эсрэгээр нийгмийн халамж тэтгэвэрт 2012 оны эхний 5 сард 53.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7 мянган хүн буюу гурван хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 5.6 сая төгрөг буюу 41.6 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн “Хүний хөгжил” сангаас мөн хугацаанд 308.4 тэрбум төгрөгийн хишиг хувь олгосон гэсэн бодит тооцоог гаргасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ