
Америкийн Сан-Диего хотын дарга асан Морин О ‘Коннор гэдэг эмэгтэйд тохиолдсон явдал казинод донтогчдын хувьд сургамж болж болох юм. Тэр мөрийтэй тоглоомд татагдан орсноор тоглоом тоглохоо больж чадалгүй, Лас-Вегас, Нью-Жерси, Атлантик-Сити хотын тоглоомын автоматад нэг тэрбум долларын мөнгө хөрөнгөө тавиад туучихжээ.
Хатагтай О’Коннорыг өөрийн талийгаач нөхөр Роберт Петерсоны буяны сангаас 2 сая доллар авч, энэ мөнгөөрөө өрөө төлөх гэсэн хэмээн сэжиглэж байна. Фаст-фудийн “Jack in the Box” гэдэг томхон сүлжээг үндэслэгч Петерсон эхнэрийгээ өөрийн сангийн нэг захиран зарцуулагчаар томилж, 1994 онд нас баржээ. Ингэхдээ бэлбэсэн гэргий нь хөрөнгө мөнгийг хувьдаа зарцуулах эрхгүй байжээ.
Морин 2000 оноос казино тоглох болж, есөн жилийн хугацаанд нэг тэрбум гаруй доллар алдаж, үүнээс гадна 13 сая гаруй долларын өрөнд орсныг мөрдөн байцаагч нар тогтоосон байна. Эмэгтэй казино тоглохгүй байж чадахаа больж, үнэ ихтэй үл хөдлөх хөрөнгө, үнэт чулуун гоёл зүүлт, тавилгаа худалдаж, тэр ч байтугай өөрийн суудаг байшинг гурван удаа барьцаанд тавьж байжээ. Түүгээр ч барахгүй, нөхрийнхөө сангаас хоёр сая доллар гувчуулсан байна. Тийнхүү түүний үрэлгэн байдлыг илрүүлж, эмэгтэйг шүүхэд татжээ.
Прокурор хуучин хотын даргад арван жил хорьж, 250 мянган долларын торгууль ногдуулахыг шаардаж байсан байна. Гэвч шүүх түүний биеийн байдлыг харгалзан, О’Коннорыг суллаж, 2015 оноос наана “зээлсэн” бүх мөнгөө төлж, тоглоомын донгоос салах үүднээс албадан курс эмчилгээ хийлгэхийг үүрэг болгожээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ