
Нийслэлийн Баянзүрх дүүргийн III төрөх эмнэлэгт жил гаруйн өмнө гурав дахь хүүхдээ төрүүлэхээр хийсвэр хагалгаанд орох үед эмч нарын хариуцлагагүй үйлдлээс үүдэн хэвлийд нь метр гаруй марль үлдээснээс болж Э.Хонгорзул бүсгүй үхэх, сэхэхийн заагт тулчихаад байгаа билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүний тухай мэдээлэл гарсны дараа дэд сайд Ж.Амарсанаа өвчтөний биеийн байдал хүнд байгааг дуулгаж, түүнийг СЭМҮТ-ийн ядаргааны тасагт хэвтэж эмчүүлэх болсон талаар мэдээлж байсан. Дэд сайдын мэдээллийн дараа түүнийг СЭМҮТ-д гурав хоног хэвтүүлээд биеийн байдал сайжрахгүй байсан тул Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ. Уг тасагт долоо хоног хэвтэн эмчлүүлээд Цэргийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн бөгөөд гурав хоноод тус эмнэлгээс гаран одоо гэртээ байгаа аж. Цэргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч “Дөрван сарын дараа нарийн гэдэс залгах мэс засал хийнэ. Түүнээс өөр эмчилгээ байхгүй” гэж мэдэгдсэн байна. Одоогоор бүсгүйн хагалгааг гардаж хийсэн III төрөхийн эмч нарыг ажлаас нь чөлөөлсөн гэнэ. Харин өвчний ар гэрийнхэн нь шүүхэд гомдол гаргасан тул хариуцлага алдсан эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ