АНУ, Орос хоёр БНАСАУ-ын өдөөн хатгалгад хариу барина

img

АНУ, Орос хоёр БНАСАУ-ын үйлдлийн хариуд арга хэмжээ авахаар бэлтгэж байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өнгөрсөн ням гаригт утсаар ярихдаа БНАСАУ-ын өдөөн хатгасан үйлдлийн эсрэг   хариу арга хэмжээ авах асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хамтран ажиллахаар тохиролцжээ. БНАСАУ-д цөмийн туршилт  хийсний дараа Зүүн хойд Азид бий болсон байдлыг оросын талын санаачлагаар бас хэлэлцсэнийг ОХУ-ын ГХЯ түрүүнд нь мэдээлсэн юм. Америкийн төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуландын хэлснээс үзвэл, Керри, Лавров нар хагас цаг шахам ярилцжээ. Гадаад бодлогын байгууллагын тэргүүн нар байнга харилцаатай байж, түүнчилэн олон улсын асуудал болон хоёр талын харилцааны асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцсон байна. Түрүүчийн мягмар гаригт АНУ-ын төрийн департаментын тэргүүн Оросын сайдтай утсаар ярилцах гэж оролджээ. Гэвч тэр үед Лавов Африкт ажлын айлчлал хийж байсан учир, ярьж чадаагүй байна.  Үүнийг америкийн төрийн департаментын төлөөлөгч Нуланд албан ёсоор тайлбарлажээ. Үүнд ер бусын зүйл огт байхгүй гэж тэр тэмдэглэсэн байна.  Гэсэн ч америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үүнтэй холбогдуулан  дуулиан шуугиан дэгдээхээр санаархаж,   орос-америкийн харилцаа сүрхий муудаж байгаа хэрэг мэтээр үзүүлэх гэсэн юм. Энэ нь бас Орост илт дургүйцэл төрүүлсэн байна. “Утсаар ярилцах цаг хугацааны тухай ажлын асуудал Вашингтонд сэтгүүлчдийг ингэтлээ эмзэглүүлсэн нь гайхал төрүүлж байна” гэж Оросын гадаад бодлогын байгууллагын сайтад тавигдсан ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевичийн тайлбарт дурдсан юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ