
Германд зөвлөлтийн офицер Станислав Петровт Дрездений шагнал гардуулжээ. Зөвлөлт Холбоот Улсад цөмийн цохилт өгөх гэж байна гэсэн худал дохио ажилласнаас болж эхэлж мэдэх байсан цөмийн болзошгүй дайнаас тэр 1983 онд сэргийлсэн байна.
Шагнал гардуулах ёслолыг Германы дотоод хэргийн сайд асан Герхард Баум удирдан явуулжээ. “Станислав Петров есдүгээр сарын 26-нд шилжих шөнө дэлхийн гуравдугаар дайн гарахаас сэргийлж, огт өөр шийдвэр гаргаж мэдэх байсан улс төрчдөөс өрссөн юм. Хүн төрөлхтөний ирээдүйн төлөө асар их хариуцлагыг тэр үүрч гарсан билээ” гэж Нобелийн шагналт Гюнтер Блобел хэлсэн байна.
1983 оны есдүгээр сарын 26-нд шилжих шөнө Петров Москвагийн ойролцоохи командлалын Серпухов-15 байранд жижүүр хийж байжээ. Шөнө дунд өнгөрмөгц түгшүүрийн дохио дуугарч, АНУ-ын нутгаас пуужин харвалаа гэсэн сэрэмжлүүлэх систем ажилласан байна. Дэд хурандаа түгшүүрийн дохио худал гэдгийг удирдлагадаа мэдэгджээ. Системд үнэхээр гацаа гарч, Петровын шийдвэр туйлын зөв байсан нь сүүлд үнэхээр тодорхой болсон юм.
“Өрнөдийн хэвлэл намайг баатар гэдэг. Харин би өөрийгөө ингэж үздэггүй. Би өөрийнхөө ажлыг л хийж байсан, энэ ажил хэцүү, гэхдээ би ажлаа сайн хийсэн хэрэг биз” гэж Станислав Петров хэлжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ