Долоо хоногийн тойм
“Шууд.мн” мэдээллийн дэлгэц өнгөрөгч долоо хоногт нийгэм, улс төрийн амьдралд өрнөсөн үйл явдлаас товчлон хүргэж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар шийдвэрлэлээ. Уг станцыг гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан гүйцэтгэлээр санхүүжүүлж, "түлхүүр гардуулах" нөхцөлөөр барих юм. Дулааны станцын эхний зуухыг энэ оны 12 дугаар сараас өмнө холбогдох шугамын хамт ашиглалтад оруулах үүргийг Түлш, эрчим хүчний сайд М.Сономпилд даалгажээ.

Монгол түмэн уламжлалт баяр болох цагаан сараа өнгөрөгч долоо хоногт өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаж байжээ.
Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар өчигдөр ОХУ-ыг зорилоо.
Сүүлийн үед хэвлэл мэдээллээр сүүлийн үед ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны мэдлийн байр зарагдсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гадаад улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын төсвийн гүйцэтгэлийг хянаж, шалгах зорилгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ц.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байна.
Тус ажлын хэсгийнхэн энэ сарын 17- 25-ныг хүртэл Герман, ОХУ-д байгаа Монгол Улсын Элчин сайдын яамны санхүү, төсвийн гүйцэтгэлийг шалгахаар болжээ.

Цагаан сарын баярын өдрүүдээр С.Зориг агсны хэрэгт холбогдуулан АНУ-д хоёр монгол иргэнийг баривчилсан тухай мэдээлэл зарим сайтуудаар цацагдаж дуулиан тарив. Тодруулбал, шинийн битүүнээс шинийн нэгэнд шилжих шөнө АНУ-д амьдарч байсан Монгол Улсын харьяат иргэн Ч, Х нарыг тус улсын тусгайгийнхан баривчлан саатуулсан гэнэ. Ингэхдээ таван цагдаа сэжигтнүүдийн гэрт дайран орж, цахилгаан бороохойгоор бороохойдон албадан саатуулах арга хэмжээ авах үеэр гэрийнх нь гадаа мөн 20 гаруй цагдаа давхар хамгаалалтад гарч, агаарт нисдэг тэрэг эргэлдэж байсан гэнэ.
Мэдээллийн www.chuhal.mn сайтад дурдсанаас үзвэл АНУ-д хууль хяналтынхан аливаа хэрэгт хамаатуулан сэжигтнийг баривчлахдаа шар, ногоон, улаан өнгийн тууз зүүлгэдэг гэнэ. Шар, ногоон бол хэрэг нь хөнгөн, харин улаан өнгөтэй тууз зүүсэн бол маш хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгааг нь тодорхойлдог аж. Тэгвэл Ч, Х нарыг саатуулах ажиллагааг улаан туузтай гүйцэтгэсэн гэх мэдээлэл цацагдсан юм. Харин Улсын ерөнхий прокурорын орлогч Д.Эрдэнэбат эл мэдээллийг ямар ч үндэслэлгүй ташаа гэдгийг олон нийтэд дуулгасан. Өөрөөр хэлбэл, АНУ-д хоёр монгол иргэн баривчлагдсан гэх мэдээлэл ор үндэслэлгүй дуулиан байсан юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ