
1955 оноос хойш шалгаруулж байгаа “World Press Photo” буюу дэлхийн шилдэг хэвлэлийн фото шалгаруулах 56 дугаар ёслолын арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт боллоо. Энэ удаад ёслолын арга хэмжээ Нидерландын Амстердам хотноо зохион байгуулагдаж шилдэг зургуудаа нэрлэсэн юм. Шалгаруулалтад 32 орны хэвлэлийн гэрэл зурагчид өөрсдийн шилдэг зургуудаа илгээсэн байна. Нийт 54 фото зураг эцсийн шатанд шалгарч үзэсгэлэнд оролцжээ. Эдгээр бүтээлүүдийг түгээмэл хэрэглэгддэг зургаан хэл дээр тайлбартай нь нийтэлж олны хүртээл болгосон. Сэтгүүл зүйн нэгэн томоохон төрөлд багтах гэрэл зургийн салбарын дээд шагнал гэж хэлж болох энэхүү нэр хүндтэй шалгаруулалтын эхний байруудыг эзэлсэн бүтээлүүдээс танилцуулая.

Израйлийн агаарын цохиолтод өртсөн Газа хотын оршин суугчид амиа алдсан хүүхдүүдийнхээ цогцсыг тэврэн уй гашууд автан алхаж байна.

Австралид тун цөөхөн үлдээд байгаа “Кассавер” нэртэй шувуу жимс түүж идэж байна. Энэ шувуу тун ховор үзэгддэг ажээ.

71 настай хатагтай Мерриалла 43 настай нөхрөө арчилж байна. Түүний нөхөр орчноос тусгаарлах хам шинжээр өвчлөөд олон жил болжээ.

Индонез эр будааны талбай дээр бухнуудаасаа зүүгдэн газар хагалж буй байдал. Энэ үйлдэл тун ч аюултай.

Сомаяа Мэри хэмээх 29 настай эмэгтэй, гурван настай охин Ранагийн хамт. Тэд нүүрээ хортой хүчилд түлснээр хараагүй болсон бөгөөд хүний нүүр харахын аргагүй болжээ. Энэ аймшигтай хэргийг түүний нөхөр үйлдсэн аж.

Гвинейн иргэний дайны талбарт хэсэг хугацаанд буу дуу намжиж тэр хооронд цэрэг эрс хөлбөмбөг тоглож хэсэг ч болтугай дайны хар сүүдрийг умартжээ.

Вьетнам охид гэртээ телевизор үзэнгээ амарч байна.

Сирийн засгийн газрын цэргүүдийн дайралтын дараа шархадсан эмэгтэй нүүрээ даран уйлж байна. Ийм зовлонтой сирийн мянга мянган иргэд нүүр тулаад хоёр жилийн хугацаа өнгөрчээ.

Сомалигийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тоглолтын үеэр харуулд гарч буй цэрэг эр.

Гвинейн иргэн Маконе Сумарао. Тэрээр олон жилийн турш бамбай өвчнөөр шаналж байгаа нэгэн.

Кенийн нийслэл Наироби хотын хогийн цэг дээр номоо шимтэн уншиж буй эмэгтэй.

Палестин Израйлийн хоорондох агаарын мөргөлдөөний үеэр Газа хот.

Чехийн Колеса хотод болсон бооцоот морин уралдааны үеийн агшин.

Зургаан давхар байшингаас унасан Серби хүү Милан Понжигерийн зураг.

Сирээс Турк руу дүрвэн гарч буй дүрвэгч гэр бүл.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ