
УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Бага хурлын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй МАН-ын гишүүд саяхан МАН-ыг шинэчлэх Эв нэгдлийн хороо байгуулснаа зарлаж, намын удирдлагууддаа бичиг илгээж байсан билээ. Харин тус хорооныхон өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарт уриалга хүргүүлсэн байна. Тус уриалгад "МАН-ыг үзэл баримтлал, бодлого, бүтэц зохион байгуулалт, хөтөлбөрийг шинэчлэх, намын дүрэмд өөрчлөлт оруулж, гишүүд, дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх, санхүүжилтийн ил тод байдлыг бий болгох, Монгол улсын Ерөнхийлөгч , Улсын их хурал, орон нутгийн ИТХ-ын сонгуулиудад ялагдал хүлээсэн байдалд улс төрийн дүгнэлт хийх зайлшгүй шаардлага МОНГОЛ АРДЫН НАМ-д бий болж, шинэчлэл, өөрчлөлтийг бодитоор хийхийг шаардсан гишүүд, дэмжигчдын тоо нэмэгдсээр байна.
Иймээс МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд болон жирийн гишүүн, дэмжигчид, шинэчлэлийг шаардсан жигүүр, хөдөлгөөн, бүлгэмүүд хамтран “МАН-ЫГ ШИНЭЧЛЭХ ЭВ НЭГДЛИЙН ХОРОО”-г салсан намаа нэгтгэж саринасан бодлогоо цэгцлэх зорилтын дор нэгдэж байгуулснаа сонордуулж байна.
МАН-ыг шинэчлэх, өөрчлөх нь зөвхөн МАН-ын гишүүд, дэмжигчдын асуудал бус, Монгол улс дахь улс төрийн намуудын төлөвшлийг эрчимжүүлэх, иргэдийн улс төрийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, намуудын ил тод нээлттэй байдлыг бий болгох, цаашилбал төрийн бодлогыг тодорхойлох эх үндэс болохийг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон эрдэмтэн, судлаачид онцолсоор ирсэн.
“МАН-ЫГ ШИНЭЧЛЭХ ЭВ НЭГДЛИЙН ХОРОО”-НЫ үйл ажиллагааны үндсэн зорилт нь МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, намын дэргэдэх төрийн бус байгууллага, нийт гишүүд, дэмжигчид болон үзэл баримтлал, зорилго нэгт МАХНам, түүний дэргэдэх төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Монгол улсын хөгжлийн төлөөх бодлого, зорилтоо нэгтгэн эв нэгдлийг эрхэмлэн ажиллахад оршино.
“МАН-ЫГ ШИНЭЧЛЭХ ЭВ НЭГДЛИЙН ХОРОО”-ноос дараах УРИАЛГА-ыг МАХН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарт хүргүүлж, хамтран ажиллахыг санал болгож байна. Үүнд:
1.2012 оны УИХ, Орон нутгийн ИТХ-ын сонгуульд МАН болон МАХН-ын оролцсон оролцоо, сонгуулийн үр дүн, үүссэн нөхцөл байдал, нам хоорондын харилцан хамаарал, сөрөг нөлөөлөл үзүүлсэн гол хүчин зүйл, тэдгээрт дүгнэлт өгч, цаашид нам хоорондын хамтын ажиллагааг бий болгож, улс төрийн шийдвэр гаргаж, харилцан ойлголцох санаачлагыг дэмжин ажиллахыг УРИАЛЖ байна.
2.МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы хуралдаанаар МАН болон МАХН-ын хоорондын хамтын ажиллагаа, улс төрийн харилцан ойлголцлын асуудлыг хэлэлцэх талаар санаачлага гаргаж, Ажлын хэсэг гарган ажиллуулах саналыг судлах;
3.МАН болон МАХН хоорондын хамтын ажиллагаа, улс төрийн харилцан ойлголцлын асуудлыг шийдвэрлэх хоёр намын эрх бүхий байгууллага, гишүүдийг оролцуулж, хамтарсан “ЭВ НЭГДЛИЙН ИХ ХУРАЛ”-ыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулах санаачлагыг судалж, хамтран ажиллах Ажлын хэсгийг байгуулж, ажиллуулах;
4.Хоёр намын ЭВ НЭГДЛИЙН ИХ ХУРАЛ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтанд “Намуудын үзэл баримтлал”, “Намын үнэт зүйл, хөтөлбөр”,”Намын бүтэц зохион байгуулалт , дүрэм”, “Төрийн бодлого тодорхойлох үйл явцад оролцох оролцоо” зэрэг асуудлуудыг тусгах;
5.“ЭВ НЭГДЛИЙН ИХ ХУРАЛ”-аар “Намын шинэчлэл, эв нэгдэл” улс төрийн тунхаг бичгийг хэлэлцэн, батлах;
6.Улс орон ард түмнийхээ ирээдүйн хөгжлийн төлөө, үндэсний эрх ашгаа ухамсарлан нэгдэж, хамтран ажиллахыг уриалсан УРИАЛГА-ыг улс төрийн бусад нам, эвслүүдэд хандан гаргах;
7.Бид бодлого, үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын хувьд үндэсний хэмжээний зохион байгуулалтанд орж улс төрийн намын шинэчлэл, эв нэгдлийг хангах чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж эхэлснээ СОНОРДУУЛЬЯ" гэжээ.
Эх сурвалж:
http://times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ