
Иргэн Ш.Раднаасэд, П.Ганзориг нар Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7 тоот захирамжаараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу нэр дэвшээгүй Д.Амарбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилж, тус аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавыг бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэх үндэслэлээр мөн өдрийн 8 тоот захирамжаараа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь, мөн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас хуулийн дагуу Засаг даргад нэр дэвшиж Төлөөлөгчдийн олонхийн саналаар батлагдсан нэр дэвшигч Л.Ганболдыг томилохоос татгалзсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн билээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх захирамж нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээнд халдаж, Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулж байна гэж тэд үзжээ.
Дээрх мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгасан бөгөөд энэхүү маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2013 оны 02 дүгээр сарын 27-ны өдрийн 09:30 цагаас Үндсэн хуулийн Цэцийн ордны хуралдааны танхимд нээлттэй болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ