“Нууцын зэрэглэлийн мэдээлэл алдагдаагүй”
Цагдаагийн ерөнхий газрын цахим хуудас энэ сарын 15-ны өдөр кибер халдлагад өртсөн юм. Эл халдлагыг үйлдсэн этгээдийг олж тогтоосон эсэхийг тус газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Т.Жаргалсайханаас тодрууллаа.
-Танай цахим сайт кибер халдлагад өртсөний улмаас ноцтой хохирол учирсан уу. Нууцын зэрэглэлтэй мэдээлэл алдагдсан уу?
-Цахим хуудаст хувь хүний болон байгууллагын нууц, төрийн нууцтай холбоотой мэдээлэл байгаагүй. Иргэдэд мэдээлэл болохуйц зөвлөмж, зарлал, ажлын байрны сонгон шалгаруулалт зэрэг нээлттэй мэдээллүүд байршсан учраас сөрөг үр дагаваргүй. ЦЕГ-ын цахим сайтад нууцын зэрэглэлтэй мэдээллийг байршуулдаггүй. Тун удахгүй манай байгууллага Мэдээллийн холбооны технологийн төвтэй хамтран цахим хуудсаа хэвийн үйл ажиллагаанд нь оруулна.
-Нууцын зэрэглэлтэй мэдээлэл алдагдаагүй бол халдлага үйлдэгчдийн гол зорилго юу байв?
-Бусдын анхаарлыг татах гэсэн бүлэг хүмүүс цахим халдлага хийх тохиолдол ч бий. Тухайлбал, өнгөрсөн жил гэхэд л АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг Арабын орноор айлчлал хийх үед “Лалын ахан дүүсийн холбоо” гэдэг байгууллагаас эсэргүүцлээ илэрхийлэн ноён Жон Керригийн айлчлал хийсэн зарим орны цахим сайтад халдлага хийж байсан. Ийм маягаар үзэл бодлоо илэрхийлэх нь бий.
-Халдлага үйлдэгчдийг илрүүлсэн үү?
-Одоогоор шалгаж байгаа.
-Хууль хэрэгжүүлэх байгууллагын цахим сайтын аюулгүй байдлыг хэрхэн хангадаг юм бэ. Ямар алдаа гарав?
-Манай цахим сайтын агуулгын удирдлагын систем 2008 оноос хойш таван жилийн турш ашиглагдсан. Ерөнхийдөө хуучирсан гэж хэлж болно. 2012 оны арван хоёрдугаар сараас агуулгын удирдлагын системийг хөгжүүлдэг төслийн багаас аюулгүй байдал, болон системийн шинэчлэлийн асуудлыг зогсоож, дараагийн шатанд шилжих үед цахим сайт кибер халдлагад өртсөн.
Халдлага үйлдсэн хүмүүст хуулиар ямар хариуцлага хүлээлгэх үү?
-Эрүүгийн хуулийн 25-р бүлэгт заасан зүйл ангиар эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулахаас гадна 2-5 жилийн хорих ялаар шийтгэхээр заасан.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ