
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болcон. Зөвлөөгөөний үеэр нийслэлийн өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээллийг НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-ын удирдлагууд мэдээлэл өглөө. Сар шинийн баярын өдрүүдээр НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-ын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт болон гал түймэр, осол аваарын дуудлага буурсан үзүүлэлт гарсан гэдгийг албаныхан онцолсон.
Нийслэлийн цагдаагийн газарт иргэдээс 5130 мэдээ, мэдээлэл ирснийг шалгаж шийдвэрлэн, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллага, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт хяналт тавин ажиллажээ. Мөн иргэдийн мэдээллийн дагуу 01-01 УНА, 55-58 УБЗ, 77-79 УБТ, 13-13 УБЗ, 08-08 УНИ, 04-04 УНҮ, 11-12 УБТ, 22-88 УБВ, 58-88 УНҮ, 88-88 УБХ, 00-01 УБС, 22-22 УБЧ, 22-99 УБВ, 75-44 УНЭ гэсэн 14 давхардсан дугаартай автомашинуудыг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Харин Нийслэлийн онцгой байдлын газраас өнгөрсөн хугацаанд гал түймрийн 137 удаагийн дуудлага ирсэн бөгөөд 86 нь буюу 62,8 хувь нь гэр хороололд, 51 нь буюу 37,2 хувь нь орон сууцанд гарсан галын дуудлага байжээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотод байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын гадна хаяг, зар сурталчилгааг монгол крилл бичгээр болгох ажлыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан гүйцэтгэх, Налайх дүүрэгт хувиараа нүүрс олборлож байгаад ажилгүй болсон иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулж, ажлын байраар хангах арга хэмжээг Налайх дүүргийн ЗДТГ, салбарын яамтай хамтран хэрэгжүүлэхийг холбогдох газруудад үүрэг болголоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ