
Тийн ялгуусан хэмээх “Усан могой” жилийн Шинийн наймны билэгт сайн өдөр өнөөдөр тохиож буй. Шинийн найман, 15-нд үйлдсэн буян түм, живаагаар үрждэг хэмээн сүсэгтэн олон Гандан хийдээр зочилж, ирж буй жилийн өнгийг бэлгэдэн, амьдрал ахуйгаа даатгах ном тарни уншуулж, залбирал үйлдэн сэтгэлээ ариусгаж ирсэн юм.
Тиймээс өнөөдөр сүсэгтэн олон эрүүл мэнд, амь насаа даатгаж, амжилт бүтээлээ бататгаж нас буян арвижуулахад тустай хэмээн орон хийдийг зориж, ном уншуулж заслаа хийлгэж байна. Гадаа жавар тачигнасан хүйтэн байсан ч Гандантэгчилэн хийд засал номоо хийлгэхийг зорьсон олны хөлд дарагдан хөлд хөдөлгөөн ихтэй байлаа. Засал хийлгэх номоо бичүүлдэг цонхнуудад маш урт дараалал үүссэн хэдий ч сүсэгтэн олон хүйтнийг үл ажран дугаарлан зогсох аж. Ном хурж байгаа дуганууд болон Жанрайсаг бурханд мөргөж, залбирдаг сүмд хүний хөл гишгэх зайгүй байв. Сайн сайхныг хүсч залбирдаг энэ өдөр сүсэгтэн олон залбирал үйлдэж байх үеэр Жанрайсаг бурханд өргөсөн мөнгийг хулгайлсан нэг согтуу хүн хийдийн лам нарт хөөгдөөд гарсан юм. Буян номын газраас хулгай хийхийг завдсан түүнийг сүсэгтэн олон буруушаахын зэрэгцээ дор бүрдээ цүнх, халаасаа шалгаж байгаа харагдсан. Монгол дээл гутлаараа гоёсон бяцхан жаалууд ээж аавынхаа хамтаар чин сэтгэлээсээ бурханд итгэн залбирч байгаа нь энэ өдрийн шигтгээ байлаа.

П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ