Уго Чавес эх орондоо ирлээ

img

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес хорт хавдарын мэс засалд орж Кубад эмчилгээ хийлгээд бараг хоёр сарын хугацаа өнгөрчээ. Түүний эмчилгээ амжилттай болж тэрбээр өнөөдөр эх нутагтаа ирсэн байна. 14 жилийн турш төрийн эрхийг барьсан ард түмний эцэг гэгддэг тэрээр эх орондоо ирж байгаа нь венесуэлчуудын хувьд баярт үйл явдал болж байна. Уго Чавес энэ баярт мэдээгээ өөрийн “twitter” хуудсаараа дамжуулан жиргэж, цаашид эмчилгээгээ эх орондоо үргэлжлүүлэн хийлгэх болсноо ард иргэддээ мэдэгдсэн аж. Мөн тэрээр өөрийнх нь төлөө тасралтгүй залбирч байсан бүх дэмжигчдэдээ талархаж буйгаа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгчийнхөө ийнхүү жиргэснийг харсан 3.9 сая жиргээчид баярлаж буйгаа илэрхийлэн ре-твит хийжээ.  Баярт мэдээг сонссон иргэд Каракас хотын “Bolivar” төв талбайд цуглаж, хамтдаа ерөнхийлөгчийг эх орондоо эргэн ирсэн баярыг тэмдэглэв. Венесуэлын үндэсний телевизэд дэд ерөнхийлөгч Николас Мадурогийн мэдэгдснээр Уго Чавес орон нутгийн цагаар уржигдар 02:30 цагт тус улсын нисэх буудалд газардаж, цэргийн эмнэлэгт шилжэн хэвтжээ. Нэгэнт түүний биеийн байдал  сайжирсан тул удахгүй ерөнхийлөгчийн тангаргаа өргөж ард иргэдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлнэ. Гэхдээ түүний тангараг өргөх ёслол хэзээ болох нь тодорхойгүй байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ