Эквадорын ерөнхийлөгч дахин сонгогдлоо

img

Эквадорын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж өмнөх ерөнхийлөгч Рафаэль Корреа санал хураалтад сонгогчдын 56.6 хувийн саналыг авснаар дахин үүрэгт ажлаа үргэжлүүлэн хийх болж байна. Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа улиран сонгогдсныхоо дараа төрийн ордны тагтан дээрээс ард иргэддээ хандаж “Хэн ч хувьсгалыг зогсоож чадахгүй. Би бүхнийг ард түмнийхээ төлөө хийнэ” хэмээн зарласан нь иргэдийнхээ сэтгэлийг ихэд хөдөлгөсөн мэдэгдэл болсон тухай ВВС агентлаг мэдээлж байна. Ингэсээр ерөнхийлөгч Рафаэль Корреа амлаж байсан төрийн шинэчлэлээ хийх боломжтой болж байгаа юм. Сонгуулийн нийт саналын 24 хувийг түүний гол өрсөлдөгч хэмээгдэж байсан нэр дэвшигч Гильермо Лассо авсан. Харин бусад зургаан нэр дэвшигч тав хүрэхгүй хувийн санал авсан нь түүнийг илт давуу ялалт байгууланыг илтгэж байгаа юм. Рафаэль Корреа анх 2007 онд тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнийг ард иргэд нь улс төрийн тогтвортой байдлыг авчирсан хэмээн ихэд сайшааж, ам сайтай байдаг. Тэрбээр өдгөө 49 настай бөгөөд Америкт боловсрол эзэмшсэн, нэлээд сайн эдийн засагч ажээ. Түүний төрийг эрхийг барьсан зургаан жилийн хугацаанд тус улсын ядуурлын түвшин мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан,  эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээг өргөжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, тус улсын олон мянган км хурдны зам тавигдсан зэрэг бодит ажлууд хийгджээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ