
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ энэ сарын 17-21-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа юм. Тэрбээр өчигдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, ОХУ-ын баатар, армийн генерал С.К.Шойгутай уулзаж төлөвлөсөн ёсоор хэлэлцээр хийсэн байна. Энэ үеэр Монголын Зэвсэгт хүчин байлдааны зэвсэглэл, техникээ шинэчлэхэд ОХУ-аас байнга тусламж авах, тус улсад суралцагсад болон хоёр талын зочид төлөөлөгчдийн айлчлал, уулзалтын тоог нэмэгдүүлэх, ирэх жил Халхын голын дайны ялалтын ойн баярыг хамтран тэмдэглэх зэрэг асуудлуудаар зөвлөлджээ. Хэлэлцээрийн дараа хоёр сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Харин өнөөдөр сайд Д.Бат-Эрдэнэ ОХУ-ын Зэвсэгт хүчний зарим анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм байна. Тодруулбал, ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн “Алмаз-Антей” концерн, ”Иркут” корпораци болон мото буудлагын тавдугаар тусгай бригадад зочилж сургалтын материаллаг бааз, цэргийн хуаран, байлдааны буудлагатай хичээл сургуулийн явцтай танилцах аж. Түүнчлэн Москвагийн цэргийн дээд сургууль, академид суралцаж байгаа Монголын цэргийн албан хаагчдын төлөөлөл, Москвад амьдарч байгаа ахмад дайчидтай уулзалт хийх ажээ.



П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ