Думийн депутат Михеевийн халдашгүй эрхийг түдгэлзүүлжээ

img

ОХУ-ын Дум  “Шударга Орос” намаас сонгогдсон депутат Олег Михеевийн халдашгүй эрхийг түдгэлзүүлэх тухай ОХУ-ын ерөнхий прокурорын газрын хүсэлтийг ёсоор болгов. Энэ шийдвэрийг 297 депутат дэмжиж, 59 депутат эсэргүүцэж, дөрвөн хүн санал өгөхөөс түдгэлзсэн байна. ОХУ-ын мөрдөн байцаах хорооны орлогч дарга Василий Пискарёв улсын Думийн депутатуудад  хандаж хэлэхдээ, зээл авахдаа хуурамч баримт бичиг ашигласан нь  Михеевийг эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах үндэслэл болсон юм гэж мэдэгджээ. ОХУ-ын ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч Александр Буксман  ч мөн ингэж хэлээд, энэ нь “хуурамч вексель, хуурамч гэрээ хэлэлцээр, хуурамч дампуурлыг”  ашигласан явдал юм гэж дурдсан байна. Мөрдөн байцаалтын  баримтаас үзвэл, Михеев Волгоградын хөдөлгүүрийн заводын 500 гаруй сая рублийн үл хөдлөх хөрөнгийн 14 объектыг булаан авахад оролцож, түүнчлэн “Промсвязьбанк”-ны мэдлийн хоёр тэрбум  гаруй рублийг гувчуулахаар санаархаж, “Номос-банк”-инд  170 сая гаруй рублийн зээлийг буцааж өгөөгүй байна. Мөн түүний хяналтад байдаг үйлдвэрүүд Казахстаны банкуудад 40 сая орчим ам. долларын зээлийг буцааж өгөөгүйтэй холбогдуулан Казахстаны прокурорын байгууллага Михеевт нэхэмжлэл гаргажээ. Энэ “Промсвязьбанк” надад өртэй гэж Михеев өөрөө хэлээд,  ийм  эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах гэж оролдож байгаа нь улс төрийн захиалга гэж мэдэгдсэн байна. Улсын Думд сонгогдож, халдашгүй эрх авахаас нь өмнө 2007 онд түүнийг татвар төлөөгүй гэсэн сэжиглэж байсныг  тэр мөн ийм маягаар тайлбарлажээ. Тэр депутатаар сонгогдохоосоо өмнө  худалдааны төв, зочид буудал болон янз бүрийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг “Диамант” группийн албан ёсны эзэн байсан юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Манай УИХ-д энэ ёс зүйг хэрэглэх байсаныг МАН-ын Н.Энхболд гэж нөхөр гуйж гүйж байгаад хэрэгтэнгүүдийг хамгаалдаг газар болгочихсон. Түүх шүүх ёстой. Хариуцлага хүлээдэггүй олигархижсан их хурал байж болно гэж үү.
2013-02-20