
Саяхнаас Филиппин улсын хууль сахиулах албаны хүсэлтээр Монголын иргэн 21 настай Тодруулын Аятунгаа болон 47 настай Батчулууны Солонго нарыг эрүүгийн хэрэгт сэжиглэж Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Харин өнөөдөр Т.Аяатунгаа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн юм. Тэрбээр энэ үеэр төрүүлсэн бяцхан үрээ дөрвөн сартай байхад нь алдаж, амьдын хагацалтай учирч хохирогч болчихоод байхад нь хар тамхи, хүний наймааны хэрэгт холбогдуулан Интерполоор эрэн сурвалжилж байна хэмээн хилс хэрэгт гүтгэж байгаад харамсаж байна гэлээ.
Т.Аятунгаа нь хүүхдийнхээ эцэгтэй 2011 оны долдугаар сард Монголд танилцаж улмаар өнгөрсөн оны есдүгээр сард Филиппин улсад охин болон ээжийнхээ хамт амьдрахаар очсон гэнэ. Тэнд охиныхоо эцэг болох Чарльз Ерген болон түүний найз болон туслах Эрик Финлейн нарын хамт амьдарч байсан аж. Тэд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй Филиппинд очсоны дараа хуримын ёслол үйлдсэн байна. Филиппинд очоод хоёр сар гаруйн дараа буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хамт амьдардаг байрнаасаа тусдаа амралтын газарт очиж буудалсан аж. Тэгээд нөхөр охиноо тэврэн “Ресэпшн” ороод ирье гэж хэлээд тэр чигтээ ор сураггүй болсон байна. Үүнээс хойш бусгүй Филиппин, Монгол хоёр улсын хууль хяналтын байгууллагад хандаж охиноо хайж эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Өдгөө түүний гомдлын дагуу ХЭҮК шаардлагатай ажиллагаа явуулж, Гадаад харилцааны яам, Эрүүгийн цагдаагийн газар, Филиппин улсын Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Таныг Интерполоос эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?
- Сайн мэдэхгүй байна. Манай найз залгаад чамайг эрэн сурвалжилж байна гээд фэйсбүүкээр гарсан байна гэж хэлсэн. Болоод байгаа бүх зүйл нөхрийн маань хийж байгаа зүйл гэж бодож байна. Өөрөө би хохирогч байж, хэвлэлээр гүтгүүлж, эрэн сурвалжлагдаж байгаад. Гэхдээ бодоод байхад би хүүхдээ олж авахын тулд эргээд Филиппин рүү явах болно. Тиймээс намайг хилээр гаргахгүйн тулд хүүхдийн маань эцэг ийм зүйл хийсэн болов уу.
-Ямар үндэслэлээр?
-Ямар санаа бодол агуулж, ийм үйлдэл хийснийг нь мэдэхгүй. Жирэмсэн байхад Чарльз Ерген буюу хүүхдийн маань эцэг хүүхдээ бусдад үрчлүүлэх тухай нэг удаа ярьж байсан. Төрсөн эцэг нь хэрнээ эх үрийг салгаж, амьдын хагацал учруулсанд харамсаж байна. Би охиноо дөнгөж таван сар гарантай байхад нь алдсан. Түүнээс хойш өдийг хүртэл сураг алга. Охиноо ямаршуухан байдалтай байгаа, амьд эсэхийг нь ч мэдэхгүй байна. Өдөр бүр зүүдэлж, сэтгэл санаа ч тайван байж чадахгүй байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагынхан үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээж охиныг минь олж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна.
-Охиноо яг хэдийд алдсан юм бэ?
-Миний охиныг Тэргэлсар гэдэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Филиппинд байхад аав нь охинтойгоо хамт гараад тэр чигтээ алга болсон. Охиноо алдаад 106 хонож байна. Тухайн үед ээж бид хоёрын бүх бичиг баримтыг аваад явсан. Бид эхэндээ тэр хоёрыг алга болсныг мэдээгүй. Тэгээд охиноо хайж олохыг хичээсэн ч визний хугацаа дуусах болсон тул Филиппин дахь Монгол улсын Консулын газар хандаж, түр үнэмлэх авч Монгол руу ирсэн. Монголд ирээд хоёр сар болж байна. Хууль хяналтын болон хүний эрхийн байгууллагад хандсан. Гэтэл надад ямар ч хариу өгөөгүй л байна.
-Нөхрийнхөө тухай яриач?
-Би хүүхдийнхээ эцгийн талаар болон өөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөргүй байна. Яг аль улс нь тодорхойгүй. Олон улсын иргэншилтэй.
-Аль улсын иргэн, хэдэн настай юм бэ?
- 1988 онд төрсөн, 25 настай. Олон улсын иргэншилтэй. Хэд хэдэн паспорттой байсан. Надад байгаа ганц баримт нь ”Киттс анд Невис” нэртэй Энэтхэгийн хойгийн ойролцоо байх жижиг арал улсын иргэн гэсэн хуулбар л байна
-Яг ямар ажил хийдэг юм бэ?
-Би сайн мэдэхгүй байна. Надад хэлдэггүй байсан. Монголд хөрөнгө оруулалтын ажил л хийдэг гэж байсан. Би бас эмэгтэй хүн. Тиймээс нөхрийнхөө ажилд оролцоод байдаггүй байсан.
-Яагаад сайн мэдэхгүй хүнээ дагаад Филиппин рүү явсан юм бэ?
-Хүүхдийн маань эцэг, бас сайхан амьдран гэж итгээд л хамт явсан.
-Интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар хуулийнхан тантай холбогдсон уу?
-Монголын консулын газар, Сингапур дах Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдэгдсэн. Гэхдээ надад тайлбарлахдаа прокурорын газраас гаргасан анхан шатны хүсэмжлэл гэж хэлсэн. Яг албан ёсоор энэ хүн ийм хэрэг хийгээд энэ хэргийнх нь дагуу эрэн сурвалжилж байна гэсэн үг биш гэсэн албан тоот ирсэн.
-Хүүхдийн чинь гэрчилгээ байгаа юу?
-Байдаг. Гэхдээ төрснийх нь дараа төрсний гэрчилгээг нь хүүхдийн маань эцэг авчихаад надад эргүүлж өгөөгүй.
-Өөрийг чинь Филиппин рүү хоёр охиныг загварын дамжаанд оруулна гээд авч явсан. Тэд сураггүй болсон гэсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар тайлбар өгөөч.
-Би ямар ч монгол охиныг Филиппин рүү авч яваагүй. Тэр бол ташаа мэдээлэл.
-Хүүхдээ алдсанд харамсаж байна. Гэхдээ монголын маань маш олон охид бүсгүйчүүд гадаадын хүнийг илүү сайн, сайхан, мөнгөтэй гэж амьдралын сонголтоо хийдэг. Гэтэл энэ нь маш олон харамсалтай хэргийн эхлэл байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс гадаадын хүнийг сонгохыг хүсдэг охид, бүсгүйчүүдэд хандаж хэлэг үг байна уу?
-Эмэгтэй хүн ер нь гэр бүл болох гэж байгаа хүнээ сайн судалж мэдэж байж сонголтоо хийх хэрэгтэй юм байна.

П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ